Нийгэм

Өвлийн арга хэмжээнд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлнэ

М.Энхмаа
2016-01-25 10:44

Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалан, улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд 10-р сараас 6 дугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог.

Нийслэлийн Засаг дарга энэ асуудлыг Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг гаргалаа. Мөн хурал зөвлөгөөнөөс гадна өвлийн арга хэмжээнд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Төлөвлөгөөний дагуу 2-р сарын 6-ны өдөр “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах ажээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга, “Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Төрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болно. Учир нь бид Улаанбаатар хотын 4, 5 одтой 10 зочид буудалтай 9-р сараас 5-р сар хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэжээ.

Улаанбаатар хот нь долоо хоногт дунджаар 5 чиглэлийн 20 олон улсын галт тэрэг, 7 авиа компанийн 9 чиглэлээр 50 орчим олон улсын нислэг хүлээн авдаг бүс нутгийн зам тээврийн зангилаа боловч зорчигч урсгалын хувьд жилийн саруудад ихээхэн ялгавартай байдаг. Нийт жуулчдын 44 хувь нь 6,7,8 дугээр саруудад ирдэг тул энэ үед олон улсын нислэг болон зочид буудлуудад их хэмжээний ачаалал үүсдэг байна. 

Өнгөрсөн онд гэхэд 129 534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44 508 нь 6, 7, 8 дугаар сард иржээ.