'Биокомбинат'-ын шинэчлэлтийг Унгар улсын санхүүжилтээр эрчимжүүлнэ
Эдгээр өдрүүдэд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхий сайд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээр хийлээ.
Энэ үеэр хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Засгийн газар хоорондын протокол, "Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай" засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулжээ. Мөн Монгол Улсын хөгжлийн банк Унгар улсын экспорт импортын банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Мөн улсын Бүртгэл статистикийн ерөнхий газар Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ
“ Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага байна. Энэ хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Өнөөдөр байгуулж буй Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар улсын ЭКСИМ банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг чухал ач холбогдолтой.” гэжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Унгарын Ерөнхий сайдад дараах саналуудыг тавьсан юм :
- Хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтарсан төслүүдийг дэмжих, зээлийн шугам нээх, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг судалж үзэх
- 2010 оноос яригдаж эхэлсэн Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх. Энэ төслийн ТЭЗҮ-г Унгарын талтай хамтарч хийх
- Хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай хоёр урсгалтай болгоход анхаарч ажиллахыг хүсээд Унгарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Унгар улсын туршлагыг судлах, хамтран ажиллах
Сонгино дахь Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлийг Унгарын санхүүжилтээр хийхээр болсны дагуу цаашид энэ бүсэд Унгар улстай хамтран мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах цогц комплекс бүхий дагуул хот байгуулах боломжтой талаар хоёр Ерөнхий сайд ярилцлаа.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан : Гүний усны нөөц тогтооход хамтарч ажиллах боломжтой
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн саналыг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай болгоход анхаарч ажиллана. Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгаа.
Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй.” гэсэн байна.