Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор нь хязгаарлана
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярыг угтсан түр зохицуулалт хийдэг болсон. Уг зохицуулалт энэ жил ч мөн мөрдөгдөнө.
Тодруулбал, сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.
Мөн энэ өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Хүчит Шонхор” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвийн чиглэлд шинэ чиглэлээр автобус явуулна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гариг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авна
Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах, гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллана.