Нийгэм

О.Эрдэнэбулган: Шатахууны үнийг дахиад буулгах боломжтой

М.Энхмаа
2016-01-26 07:52

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулгантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 -Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ уналттай байгаа энэ үед манай нефть импортлогчид түрүүчээсээ литр тутамд 100-150 төгрөгөөр бууруулаад эхэллээ. Нефтийн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд цаашид буурах боломжтой юу?

-Дэлхийн зээл дээрх түүхий газрын тосны үнэ сүүлийн нэг жилд байнга унасаар байна. 2012 онд нэг баррель түүхий газрын тос 100 ам.доллар байсан. Харин өнөөдөр  нэг баррель нь 30 ам.долларт хүрчихлээ. Үүнтэй холбоотойгоор манайд жижиглэнгийн шатахууны үнэ 100-150 төгрөгөөр буурч байгаа юм байна. Бүтээгдэхүүний онцгой албан татвар АИ-92 тонн тутамд дөрвөн зуун мянга, дизельд таван зуун хорин мянган төгрөг байгаа шүү дээ. Энэ онцгой албан татварыг хоёр дахин бууруулахад жижиглэнгийн үнэ дахиад буурах боломжтой.

- Та үнэ бүрдлийн талаар мэдээлэл өгөөч. Зарим нэг нь шатахууныг мянган төгрөг ч болох боломжтой гэх юм?

 -Ойролцоогоор долоо орчим баррель түүхий тос нэг тонн болдог. Тэгэхээр баррель нь 30 ам.доллар гэж бодохоор нэг тонн түүхий газрын тосны өөрийн өртөг 210 ам.доллар болно. Үүн дээр боловсруулалт,компанийн үйл ажиллагааны зардал, тээврийн зардал, татвар, компанийн ашгийн марж гээд тооцохоор хилийн үнэ 500 орчим ам.доллар болж байна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл тонн тутамд нэг сая төгрөг буюу литр нь нэг мянган төгрөг болж байгаа юм. Хилээс нааш нь татах тээврийн зардал, нефть импортлогч компаниудын үйл ажиллагааны зардал, бүтээгдэхүүний импортын татвар, онцгой татвар гээд жижиглэнгээр худалдах нэг литр шатахууны үнэ бүрддэг юм.Үнийг зохицуулах ажлыг гурван талт хэлэлцээрээр хийдэг.Үүнийг Засгийн газар, нефть импортлогч нар,хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага хамтран шийддэг.Гэхдээ үнээ буулгах асуудлаа тогоон дотроо ярьж чаддаг болсон нь ОХУ-тай  нефтийн бүтээгдэхүүнээ зах зээлийн зарчмаар авч чаддаг болсонд байгаа. Өнөөдөр  Ардын намынхныг шатахууны үнэ буулга гэсэн  улс төр хийх бололцоог нь гаргаж ирсэн гэж хэлж болох юм. Өмнө нь нөхцөл байдал ийм байгаагүй. Та бүхэн санаж байгаа бол үе үеийн Засгийн газрын тэргүүн, салбар хариуцсан сайд нар нь ОХУ-д очоод бензиний үнээ буулгаад өгөөчээ гээд гуйж гувшдаг байсан үе саяхан шүү дээ. Бүр “Роснефть” Монголд 100 шатахуун түгээх станц оруулж ирж жижиглэнгийн зах зээлд орж ирэх санал тавьдаг, шатахууныг тойроод бүгд л улстөрждөг байсан. Одоо тийм юм байхгүй болсон байгаа биз.

-ОХУ-аас зах зээлийн зарчмаар нефтийн бүтээгдэхүүнээ авах гэрээ хэлцэл хийх Ажлын хэсгийг та ахалж байсан байх аа. Тухайн үед нөхцөл байдал яг ямар байсан юм бэ?

-2012 оны сонгуулийн дараа арваннэгдүгээр сард шатахууны хилийн үнэ тонн тутамд 1300 ам.доллар байлаа. Тэр үед ам.долларын ханш 1450 төгрөгтэй тэнцэж байсан гэж үзэхээр шатахууны үнэ литр тутамдаа 2500 төгрөг түүнээс ч дээш нэмэгдэх эрсдэл байсан юм. Харин Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар Ажлын хэсэг байгуулж ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийх шийдвэрийг гаргаж байлаа шүү дээ. Ингэхдээ хэдий өндөр үнэтэй байгаа ч өөр эх үүсвэрийг ол. Ганцхан эх үүсвэртэй явж болохгүй гэсэн. Хоёдугаарт,“Роснефть”-тэй очиж харилцан ашигтай байх зарчмыг баримталсан гэрээ хий гэсэн үүрэг өгч байлаа. Миний хувьд “Роснефть” компанитай яриа хэлэлцээ хийх Ажлын хэсгийг ахлаад ОХУ-ыг зорьсон. Тэнд очоод “Роснефть”-тэй ганцхан зүйлийг ярьсан. Юу гэхээр бид нефтийн бүтээгдэхүүнээ худалдан авахдаа зах зээлийн зарчмаар гэрээгээ хийе гэсэн саналыг тавьсан.

-Өмнө нь яаж явдаг байсан юм бол?

-Сингапур, Нью-Йоркийн /NYMEX/ таваарын бирж дээр түүхий газрын тосны үнэ ямар байх нь бидэнд ямар ч “хүртээлгүй” байсан. ОХУ-ынхан ч авч хэлэлцдэггүй байсан. Харин дараа сард нийлүүлэх үнээ “Роснефть”-ийнхэн өөрсдөө тогтоогоод  бидэнд мэдэгддэг байлаа. Хэдээр нийлүүлэх нь тэдний дур гэсэн үг. Манайхан бол тэдний хэлсэн үнээр л авна. Нэг жишээ хэлье, “Роснефть”-ийнхэн 2012 онд орон нутгийн сонгууль болохоос өмнөхөн хилийн үнийг 1100, 1200, 1300 ам.доллар гээд ямар ч шалтгаангүйгээр гурван сарын турш нэмж л байлаа. Манайд ямар асуудал байсан гэхээр шатахууны үнэ, нөөцөө удирдах боломж нөхцөл хязгаарлагдмал байлаа. Ийм шалтгааны үүднээс ОХУ, “Роснефть”-тэй яриа хэлэлцээ хийсэн нь амжилттай болсон. Одоо дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буухад бидний зүгээс холбогдох шаардлагаа тавих бүрэн боломжтой болсон. Гэхдээ одоогийн Засгийн газар нэг алдаа хийж байна.

-Тэр нь юу гэж?

-Түүхий газрын тосны үнэ унаж байгаа үед нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг боломжит хэмжээгээр бууруулж л байх ёстой. Гэтэл өндөр онцгой албан татвар тавьчихаад л сууж байна. Уг нь бидний хийсэн гэрээний гол зорилго бол дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унахад нь унагаад, өсөхөд нь өсгөдөг тийм тогтолцоог бий болгох юм. Гэтэл нефтийн бүтээгдэхүүний үнэ уналттай байхад үнийг хүчээр бариад өндөр татвар аваад байгаа нь зохимжгүй. Төр, засагт мэдээж татварын орлого хэрэгтэй. Гэхдээ нөгөө талд иргэд ашгийг нь хүртэхгүй байна.

-Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд асуухад монголчууд хэзээ нефтийн үйлдвэртэй болж өөрсдөө шатахуунаа нэрдэг болох вэ. Таны үед ч ийм яриа хэлэлцээ явж байсан шүү дээ?

-Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй байх ёстой юу. Мэдээж байх ёстой. Аль болох хувийн хэвшлийнхэн оролцох учиртай. Энэ асуудалд төр оролцох нь зохимжгүй. Нефтийн үйлдвэр барихад шаардлагатай түүхий эдийн нөөцтэй байх ёстой. Дорнодод үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компани жилдээ сая орчим тонн түүхий газрын тос олборлодог. Тэгэхээр түүнийгээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Дорнодод байгуулж болно. Ер нь 7-8 компани нефтийн үйлдвэр барина гээд зөвшөөрөл авсан байдаг. Нефтийн үйлдвэр барих асуудал бол цэвэр түүхий эдийн нөөц болон эдийн засгийн хувьд ашигтай байхаас л шалтгаалдаг.

-Хувийн хэвшлийнхэн нефтийн үйлдвэр барих эрмэлзлэл байдаг ч төрөөс хэт оролцдог болохоор энэ ажлыг хойш чангаах үндэслэл болдог юм биш үү?

-Төрийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудад үйлдвэр барьж бизнес хийх  эрхзүйн орчныг нь л бүрдүүлж өгөх хэрэгтэй. Өөрөөр төр хутгалдаад байх нь зохимжгүй. Миний хувьд тийм үзэл бодолтой явдаг хүн.

-Жишээ нь, Дарханд нефтийн үйлдвэр барина гэж яриад дөрвөн жил болж байна?

-Дарханд барих гэж байсан нефтийн үйлдвэр ганцхан зүйл дээр унасан байдаг юм. Үйлдвэр барихад шаардлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн ч түүхий эдийн нөөцөө хаанаас хангах вэ гэсэн асуултад хэн ч хариулж чадаагүй.

-Дорнодоос зөөх тухай ярьж байсан санагдах юм?

-Эдийн засгийн хувьд боломжгүй л дээ. Дарханыхан болохоор түүхий эдээ ОХУ-аас авъя гэж ярьж байсан юм билээ. Тухайн үед би Ажлын хэсгийнхэнтэй очиж уулзаад Дарханд ийм үйлдвэр байна. Та нар хамтраач гэсэн саналыг тавьсан. Гэвч боломжгүй гэсэн  хариу өгсөн. Тэд зах зээлийн зарчимд суурилсан бүтээгдэхүүнээ ав л гэсэн. Түүнээс биш төр хааж боогоод уначихсан юм биш. Угаасаа хэрэгжих боломжгүй төсөл байсан.

-Дорнодоос гарч байгаа нефтийн бүтээгдэхүүн чанарын хувьд ямар төвшинд байдаг юм бэ?

-Булангийн орнуудын хөнгөн нефтийг бодвол дунд зэргийн, гэхдээ боломжийн чанартай газрын тосонд ордог.

-Одоогийн улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэх бол?

-Манайх шиг эрдэс баялгийн экспортоос хараат хэдхэн бүтээгдэхүүнтэй улсын хувьд гадаад зах зээлийн шок манайд маш хүчтэй нөлөөлж байна. Жишээ нь, нүүрс, төмрийн хүдрийн үнэ гадаад зах зээлд уналттай байгаа энэ үед экспортын орлого эрс багасч байна. Зэсийн баяжмалын ханш ч унах төлөвтэй байна. Гол экспортын бүтээгдэхүүний үнэ уначихаар төсвийн орлого бүрдэхгүй, эдийн засаг шууд уналтын байдалд орж байна. Экспортын цөөхөн нэг төрлийн бүтээгдэхүүнээс хараат байна гэдэг ийм аюултай. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчидтай зохисгүй харьцдаг хандлага нь тэднийг үргээж байна. Хуулиа гэнэт өөрчилдөг, тогтвортой бодлогогүй, тоглоомын дүрмээ байсхийгээд өөрчилдөг нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байгаа.

-Ямар ч байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдлээ?

-Гүнийн уурхайн бүтээн байгуулалт хөдлөхөөр болсон нь эерэг дохио өгч байгаа ч энэ жил болон 2017 онд нөхцөл байдал таатай байхаар тийм дүр зураг харагдахгүй байна.

Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин

 


  1. 59.153.114.* Зочин 2016-04-10 18:49
    ЗӨВ ШҮҮ
  2. 59.153.112.* Зочин 2016-03-21 11:01
    ЗӨВ ШҮҮ
  3. 27.123.214.* Zochin 2016-01-27 08:05
    Said baihdaa buulgaagyi baij odoo yu yarina be bitgii uks torjood bai da
  4. 202.21.109.* Зочин 2016-01-26 16:48
    tegeed hurdan buulgaachde. ug ni zow l yum yariad bhiin