Улсын их хурал

Онцлох эшлэл : Зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ

М.Энхмаа
2016-01-27 03:58

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд инфляци буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон ЖДҮ-ийн зээлийн хүүг бууруулах талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Мэдээллээс онцлох эшлэлийг хүргэж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал : Зээлийн хүүг бууруулахдаа бүгдийг биш чухлыг сонгоно

2010-2012 онд инфляцийн  1/3-ийг мах, шатахууны өсөлт дангаараа бүрдүүлж байсан.

2013-2015 онд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт бүрэн арилсан.

2014 оны 08-р сараас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляци дах нөлөө буурсан.

Монголбанк бодлогын хүүний коридорыг 3 жилийн өмнөөс бий болгосон. Энэ нь бодлогын хүүнд эергээр нөлөөлдөг. 

Инфляцийг бууруулж, дундаж орлоготой өрхүүдийн бодит орлогыг өсгөх бодлогыг цаашид үргэлжлүүлэхийг чухалчилж байна.

Зээлийн хүүг бууруулахдаа бүгдийг биш чухлыг сонгоно. Экспортыг дэмжих, валютын орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн хамаарлыг бууруулахад чиглэсэн салбарын зээлийн хүүг бууруулна.

Улсын хэмжээнд нийт 160.000 орчим малчин өрх бий. Тэд жинхэнэ үйлдвэрлэгчид. Иймд малчны зээлийн хүүг бууруулах ёстой.

Өмнө нь хэрэглээний зээл зээлийн бүтцийн дийлэнх хувийг эзэлдэг байсан. Энэ нь төсвийн зардалд сөргөөр нөлөөлж эхэлсэн.

Сүүлийн 3 жилд хуримтлалтын зээл нь 25-30 хувь хүртэл өссөн. Дундаж давхаргын хуримтлалд суурилсан эдийн засгийн шинэ түвшин нь хэрэглээг аяндаа бодит байдал руу хөтөлдөг.

БНХАУ-ын валютын ханш унаж байгаа нь манайд эерэгээр нөлөөлж байна.

Инфляцид гарч байгаа өөрчлөлт нь нийт эдийн засагт эерэгээр нөлөөлж байна.

Нийлүүлэлтийн гаралтын инфляци нийт инфляцийн 30 хувийг эзэлж бсан бол өнөөдөр тэг хувьд хүрсэн. Инфляци буурсан учраас бодлогын хүү буурна.

Цалингийн зээл, тэтгэврийн зээл сүүлийн таван жилд хэмжээ нь нэмэгдэж, хугацаа нь уртасч ирсэн. Иймд эхний ээлжинд цалингийн болон тэтгэврийн зээлийн хугацааг нь богиносгох арга хэмжээ авна.

Инфляцийн түвшин 15-1,9 хувь хүртэл буурсантай холбогдуулан зээлийн хүүнд эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэй байгаа.

Инфляци нам, тогтвортой байх нь худалдан авах чадвар өсөх суурь нөхцөл мөн.

Өрхийн орлого буурах, инфляци өсөх энэ хоёр үзэгдэл нэгэн зэрэг тохиолдоход худалдан авах чадвар буурна.

Худалдан авах чадварыг сайжруулахын тулд нам, тогтвортой инфляцитай орчинд өрхийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг жилд 10 хувь хүртэл бууруулах боломж бий

 Хоёр долоо хоногийн өмнө Малчны зээлийн хүүг бууруулах ямар гарц байгааг судлах үүрэг холбогдох хүмүүст нь өгсөн.

Хаан банк болон Төрийн банкнаас 240 орчим тэрбум төгрөгийн малчны зээл гарсан байгаа. Зээлийн бүтцийг авч үзэхэд малчны зээлийн хүү сард 2.5 хувь байгаа нь маш өндөр үзүүлэлт.

Малчны зээлийн хүү жилд 30 хувь байгааг 10 хувь хүртэл бууруулах боломж бий.

Зээлийн хүүгийн бодлогын тухайд, Монголбанк болон Засгийн газар нэг байр суурьтай байгаа.

Хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломжгүй. Малчны зээл бол хэрэглээнийх биш үйлдвэрлэлийн зээл.

Ерөнхий сайд нарын цалин өсгөсөн байдлыг харьцуулсан байна. МАН-ын үед цалинг 230 хувиар нэмсэн ч юмны үнэ 290 хувиар өсч байсан.

Цалингийн нэмэгдэл нь юмны үнийн өсөлтийг дагуулдаг тул бодит орлого, худалдан авах чадвар гэх мэт бүх үзүүлэлтийг хамт авч үзэх ёстой.