Нийгэм

Гэрээ далд цоожоор цоожил

А.Сэвжид
2016-01-28 03:38

2016 оны эхний сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 250 гэмт хэрэг илрүүлэн, шалгаж байгаагаас хулгайн хэрэг зонхилж байгаа аж. Өчигдөр /2016.01.26/ нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй нийт 91 үйлдэл бүртгэгдсэнээс 48 нь хулгайлах төрлийн гэмт хэрэг гарчээ.

Хулгайн хэрэг дотроо тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлах явдал нэлээд өндөр хувийг эзэлж байна. Хоногт л 10-15 тохиолдол бүртгэгдэж, ихэвчлэн автомашины хучлага, толь, гэрэл дохиог хулгайлдаг. Тиймээс иргэд өөрийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгслээ зориулалтын талбайд зогсоох, гэрэлтүүлэгтэй газрыг сонгох, боломжгүй тохиодолд дохиоллын систем суурилуулах зэргээр өөрсдийн өмч хөрөнгийг хамгаалах шаардлагатайг цагдаагийн газраас анхааруулж байна.

Хулгайн гэмт хэргийг байршлаар нь харвал гэр хороолол дахь хулгай хамгийн их байна. Өглөө ажилдаа гараад, орой ирдэг хүмүүсийн гэр нь хулгайд өртөх магадлал хамгийн их тул гэр болон хашаагаа далд цоожоор цоожлох хэрэгтэйг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Удахгүй сар шиний баяр болох тул хөдөөгөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ үед халаасны гэмт хэргийн тоо хаа сайгүй ихсэж иргэдийг маш ихээр хохироодог. Харин Улаанбаатар хотын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид хоногтоо 10-20 орчим гэмт хэргийг биечлэн илрүүлдэг аж.

Түүнчлэн Таван шараас Оффицеруудын ордон хүртэлх төв зам дагуух нийтийн тээврийн зогсоолууд дээр 40 орчим хяналтын камер суурилуулсан нь халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд ихээхэн дэм болж байгаа хэлж байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь ирэд сонор сэрэмжтэй байх нь хамгийн чухал гэдгийг хэллээ.