АСЕМ-аар ашиглах машиныг татвараас чөлөөлнө
УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн гишүүдийн 77.3 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсад анх удаа 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэх аж. Үүнтэй холбоотойгоор АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарч.
Харин Улсын төсөв хүндрэлтэй байгаа тул шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибюьтор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөхөөр Засгийн газар дээрх төслийг мэдүүлжээ.