Улсын их хурал

Цэцийн дарга Ж.Амарсанаа юу гэж хэлэв ?

А.Сэвжид
2016-01-28 07:38

Сүүлийн өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татах асуудал нийгмийн анхаарлыг маш ихээр татаж байгаа. Өчигдөр хуралдсан хууль зүйн байнгын хороогоор хүртэл дэмжлэг авчсан. Харин Ерөнхийлөгчийн цоллосон монголын дөрөв дэх том албан тушаалтан Ж.Амарсанаагийн байр суурийг тоймлон хүргэж байна.

“Ерөнхийлөгч маргааш ажил тарахаас өмнө хориг тавихгүй бол батлагдсан 19-ний өдрөөсөө хууль үйлчлэнэ. Цэцийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа эд нар батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ гээд заачихсан. Өөрсдийнх нь самуурал ингэж ихдээд байгаа”

"Хуулийн байгууллагыг бүгдийг нь гартаа оруулчихаад,  Цэц үлдсэн учир Цэцийг гартаа оруулах гэж байна. Цэцэд ирэх хүмүүс бэлэн болчихсон"

Өөрсдөө томилчихоод хөгшин тэнэгээр нь дуудаж, одоо хэдэн хүн чөлөөлөөд, оронд нь өөрсдийн хүмүүсээ томилох гэж байгаа юм. Их хурлын гишүүн, 63 настай Р.Гончигдоржийгоо Их хурлын гишүүнээс чөлөөлөөд, Цэцийн дарга болгох гэж байна.

Сүүлийн үед Их хурлын төлөөний хүмүүс манайд байдаг болчихсон. Их хурлын өмнөөс дуугардаг, манайхаас цалин авдаг. Тэр хүмүүс Р.Гончигдоржийгоо дарга болонгуут ирэх хавар Их хурлын сонгууль боллоо гэхэд уг хуулиар маргаан үүсвэл Их хурлын зөв гэж шийдвэр гаргах ч юмуу, ийм л байдлаар ажиллана.

"Одоо Шүүхийн хууль, найман хувийн зээл гээд хачин юм яриад байна. Цэцтэй ямар ч холбоогүй. Үнэхээр цэцтэй холбоотой юм бол яагаад  манай шийдвэрийн дагуу хуулиа засч, өөрчлөв. Ингэхээр манай шийдвэр зөв л байна шүү дээ. Найман хувийг тав болгож байгаа юм бол манай шийдвэр зөв  байна"

"Би аль ч намын гишүүн бус. Биднийг үгэнд орохгүй байна гээд чөлөөлөх гээд байгаа хэрэг. Юм болгоныг АН-ын зөв гэж шийдүүлэх нь л дээ. Энэ хуйвалдааны цаана эзэд, хөрөнгөтөн, банкныхан, гадаадын хүмүүс байдаг гэсэн"

“Над руу ална шүү гэх зэргээр заналхийлсэн мессеж дуудлага ирэх болсон. Ипотекийн зээлийн асуудалтай холбоотойгоор. Би албан тушаалтайгаа огт зууралдаагүй. Би 1998 оноос хойш ажилласан. Миний албан тушаалын хугацаа 2017 онд дуусна”

Би өөрийгөө жаахан магтчихъя. Би ном бичдэг, хичээл заадаг. Надад ажил бий. Би ажилгүй боллоо гээд амиа хорлох гээд дээс эрэхгүй, лааз өшиглөхгүй

“Өнөөдөр Ерөнхийлөгчийн журам байгаа. Цэцийн дарга Ж.Амарсанаа Монгол Улсын дээрээсээ 4 дэх хүн шүү гээд. Ямар 4-р хүн эксел унаад явж байх юм уу. Сумын засаг дарга, дүүргийн орлогч дарга жийп унаад давхиад байхад. Ж.Амарсанаатай холбож ойлгоод байх шаардлагагүй юм”

 “Бид нар шинэ жилээр нэг гуанзанд шинэ жилээ тэмдэглэсэн. Гэтэл гэнэтхэн л хүмүүс орж ирээд зураг аваад унасан. Цэцийн гишүүдийн зүүлт цаг энэ тэр хэнд ямар хамаатай вэ. Өчнөөн л зүүлт, цаг зүүсэн хүмүүс байна”