Та Тост, Тосон бумбын нурууны талаар хэр сайн мэдэх вэ ?
Өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дах Тост, Тосон бумбын нуруунд үүсээд буй нөхцөл байдлын талаар газар дээр нь танилцаад ирсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын нэр бүхий гишүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа талаар онцолжээ. Мэдээллээс гол хэсгүүдийг тоймлон хүргэж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог.
Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож
улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг
.
Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг
.
Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа.
Үүнд :
- Ашиглалтын 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК
- Нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7ААН
- Алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 ААН
- Ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 ААН
-Ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн талбайн 16361,72 га, хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК
тус тус эзэмшиж буй юм байна.
Уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Мөн Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог "Хүрэн ханын хэц" нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар багтжээ.
Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюултай.