Эмэгтэйчүүдийн манлайлал-2016 тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь ардчилсан боловсролыг түгээх зорилготой ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл бүхий салбар, салбарын мэргэжилтэн эмэгтэйчүүдэд зориулан ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-2016 хөтөлбөрийг зарлажээ.
Тус хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг дэмжих, туршлага бүхий манлайлагчдаас болон бие биенээсээ суралцах орон зайг бий болгох замаар тэдний нийгмийн оролцоо, манлайллын чадавхыг бэхжүүлэх, хөгжүүлэх зорилготой юм байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хүний эрх, жендерийн шударга ёсны ойлголт мэдлэгээ бэхжүүлэх,
- Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах боломжтой бөгөөд
- Залуу эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, амжилтад хүрэхэд нийгмийн болон хувь хүний зүгээс тулгардаг сорилтуудыг хамтдаа хэлэлцэж, түүний учир шалтгаан болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болно.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага:
- 24-35 насны эмэгтэй;
- Нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй;
- Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Хөтөлбөрийн туршид буюу 15 долоо хоногийн нийт 75 цагийн хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой. (Долоо хоногт нэг удаа 5 орчим цаг)
Хөтөлбөр нь сургалт, уулзалт хэлэлцүүлэг, танилцах аялал, жижиг-төсөл дээр ажиллах, сайн дурын зөвлөгч-ментортой уулзах, бага хурал зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэх болно.
Хөтөлбөрт хамрагдах онлайн өргөдлөө https://form.jotform.me/60111733718449 линкээр өгч, хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Онлайн өргөдөл хүлээн авах хугацаа: 2016.01.13 - 2016.01.30