Улсын их хурал

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хэн юу хэлэв ?

М.Энхмаа
2016-01-29 03:58

УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн барьж, МАН-ын бүлгээс дэмжсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг 96,1 хувийн ирцтэй хэлэлцэн,  огцруулахыг дэмжихгүй гэсэн байнгын хорооны дүгнэлтийг 42 гишүүн дэмжиж, 31 гишүүн татгалзсан санал өгснөөр Шийдлийн Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх болсон юм. Энэ асуудалтай холбоотой гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Ерөнхий сайдыг огцруулснаар асуудлыг шийдэхгүй. Үлдсэн богино хугацаанд хамтарч ажиллаж чадвал олон асуудлыг шийдэж чадна. Өмнөх Ерөнхий сайдаа унагаад дараагийн ерөнхий сайдын эрэлд гардаг байдлаа зогсооё.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Улс төрийн ууган нам маань зүгээр л Г.Уянга гишүүний ард ороод нуугдчихлаа. Одоо сүүлдээ бид нар буруугүй Г.Уянга буруутай гэсэн зүйл ярьж байна. Оюутолгойн асуудал бол зүгээр л шалтаг байна. Бид Оюутолгойг хөдөлгөхдөө ард түмнээсээ асуусан. Тэр нь ч болж. Энэ том мега төсөл дээр улстөржих нь хэр хэмжээнээсээ хэтэрч байна.

Д.Ганболд : Хоёр зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. Нэг нь зөрчил, нөгөө нь тогтоосон зардлыг хэтрүүлсэн явдал.

Н.Алтанхуяг : МАН 3 жилийн дотор 3 удаа Засгийн газрыг бужигнууллаа. Өнөөдөр Засгийн газрыг огрцуулах цаг нь ч биш, сэдэв нь ч энд ярих асуудал биш байна.

Н.Батбаяр : Монгол Улсыг улс шиг улс байлгахын тулд бид хувьсал хийсэн. Үүнийгээ хамгаалах болно. Монголын төрөөр тоглохоо одоо болих хэрэгтэй.

Да.Ганболд : Оюутолгойн дайтай том уурхайд ашигласан усаа буцаан ашигладаг улс дэлхийд байдаггүй.

Д.Ганхуяг : Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа нь сонгууль ойртсонтой холбоотой улс төр гэж харж байна.

А.Бакей : Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд бичсэн үндэслэл нь түүнийг огцруулах үндэслэл болж чадахгүй байна.

Д.Лүндээжанцан : Сонгуулийн дараа юу болдог бол, эдийн засгийг яах бол гэж санаа зовниж байна.

С.Эрдэнэ : МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонсоход аливааг дэндүү их харлуулсан, сайн бүхнийг өөрсөддөө наах гэсэн санааг олж харлаа6

Д.Ганбат : Сар шинийн өмнө ийм зүйл хийх хэрэг байсан уу гэж харж байна. Өндөгнөөс ч өө олж болно л доо.

Д.Хаянхярваа: Хууль бус үйлдлүүдийг газар авахуулаад байна гэдэг зарчмын шаардлага л тавьсан.

Б.Гарамгайбаатар : Шатахууны үнэ ОУ-д буурч байгаа. Монголд шатахууны компаниудын ихэнх эзэд нь МАН-ынх байдаг

Л.Гантөмөр : Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүд нь танхимдаа сууж байсан бол хэдэн үг хэлье гэж бодож байлаа.

Ц.Нямдорж : Зувчуулсан юм чинь мөн их болж байна аа, идсэн уусан юм чинь мөн их зузаарч байна аа.

Ц.Оюунгэрэл: Бид хүйтэн дээр хүйтэн, дайран дээр давс гэдэг шиг цагаа олоогүй асуудал хэлэлцэж байна. Өнөөдөр бид Оюутолгойн асуудлыг биш нүүрсний асуудлыг ярих ёстой.

Г.Баярсайхан: Монгол төрийн түүхэнд дандаа гадны нөлөөлөл орж хагаралдуулдаг байсан түүх бий.

Р.Гончигдорж: Дубайд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийсэн нь илүү үр дүнтэй гэж харж байгаа.Гуравдагч орнуудын анхаарлыг татсан.

Х.Тэмүүжин: Оюутолгойг муулах тусам ард түмэндээ хайртай болж харагдана гэдэг үгийг л чихэндээ их чанга сонссон юм шиг байна.

Д.Арвин: Оюутолгойн асуудал бол эх нь муу байсан учраас өнөөдөр ийнхүү асуудал дагуулж байгаа юм.

Я.Содбаатар : Та танхимаа, намаа аль алийг нь товхинуулж чадсангүй. Нэг талаас нь таны хамтрагч нар тан руу дайрч байна. Нөгөө талаас танай намын дотоод фракци, яг таны хажууд сууж байгаа хүнээс тан руу дайрч байна.

Ө.Энхтүвшин: “Таван хувийн зээлийг цааш нь ярьж яв, үүний төлөө та нарт 20 төгрөг өгч байна” гээд Улаанбаатарын бүх таксины жолооч нарыг Дүнжингаравт аваачаад мөнгө өгсөн байна.

М.Энхболд: Их хурлын гаргасан шийдвэрийг дураараа зөрчсөн асуудал Дубайн асуудал болсон. Өнөөдөр та бүхэн 2008 оны хөрөнгө оруулалтыг сайжруулах байтал бүр муутгаад оруулж ирж байна.

Г.Уянга: Зургаан тэрбум долларыг зүгээр өгчихөөд өөрөө зурган сая доллар хүнээс гуйгаад явж байна. Оюутолгойн гэрээг байгуулахгүй бол, Гацууртын ордыг явуулахгүй бол, өр тавихгүй бол Монголын Улсын эдийн засаг сөхрөх гээд байна уу.

Л.Эрдэнэчимэг: Монголын ард түмэн үлдсэн нэг жилийн хугацаанд засаг тогтвортой байх хэрэгтэй гэж бодож байна. Тэртээ тэргүй ардчилсан сонгуулиар энэ засагт дүн тавина.

З.Баясэлэнгэ: Оюутолгойн гэрээ Монголын талд ашигтай хийгдсэн үү гээд уг сууриар нь аваад үзвэл хэний засгийн үед энэ гэрээг байгуулсан билээ гээд их олон зүйлийг ярьж болно.

С.Ганбаатар: Оюутолгой 300 тэрбумын төгрөгийн алдагдалтай. Энэ гэрээг та гарч ирээд гацаанаас гаргасан гээд байх юм. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байхад Монгол өргүй байсан. 2011 оны 17 хувийн өсөлт чинь Оюутолгойгоос биш нүүрсний орлогоос олсон. 4.2 тэрбумыг 2016 оны нэгдүгээр улиралд “Рио Тинто” буцаан татна гэсэн байна.

Сү.Батболд : Оюу толгойг явуулах ёстой гэж би ч манай нам ч үздэг, гэхдээ гэрээгээ сайжруулах ёстой.

О.Баасанхүү: Хууль зөрчсөн Засгийн газар огцрох ёстой. Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн насны хүнийг Их хурлын даргын зөвлөх гэж тавьсан. Гэтэл үүнийг асуудалтай хамаагүй гэж ярьж байна. Хууль зөрсөн л бол хууль зөрчсөн.

Д.Эрдэнэбат: Одоо улстөржих хэрэггүй. Хоёр дахь үед нь улстөржиж байгаад Н.Алтанхуягийг унагасан. Одоо Ч.Сайханбилэгийг унагах асуудлыг хэлэлцээд сууж байна.

Н.Энхболд: Бид Дубайн гэрээнд гарын үсэг зурчлаа гэдэг утгаар биш, ерөөсөө Монгол Улсын хууль тогтоомж шийдвэрүүдтэй агуулгын хувьд зөрчилдсөн гэрээ байгуулсан гэдэг утгаар нь Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзэж байгаа юм.

Л.Болд: Ард түмэнтэй уулзаж байхад Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулчихвал бидний амьдрал сайжрах гээд байна гэх хүн нэг ч таараагүй.

Ч.Улаан: Би улс төр ярихгүй. Эдийн засаг санхүү ярина. Бизнес эрхлэхийн гол нь ашиг байдаг. Ашиг огт ярихгүй байгаа. Ашиггүй бизнес байна гэдэг орлого, зарлага хоёр тэнцсэн гэсэн үг.

А.Тлейхан: Н.Алтанхуягийн үед эдийн засаг 7 хувь болсон бол таны үед хоёр болтлоо буурлаа. Та хайрын захиа бичсэн. Нэг хөнжилд орсон мөртлөө таны хайр хөрж хөөж гаргасан.

З.Энхболд: Хүрэлбаатар гишүүн Оюутолгойн анхны гэрээг оруулж ирсэн юм. Татвар төлөхгүй гэсэн мангар гэрээ. Одоо байнга ярьдаг юм.

Б.Бат-Эрдэнэ: Төлөвлөгөө нэрээр ОТ гэрээнд өөрчлөлт оруулчихсан.

Ж.Энхбаяр: Зээл авсан банкны өрийг төлж чадахгүй бол ОТ тэр чигээр нь алдах асуудал байна.

Ё.Отгонбаяр: Төсвийн мөнгөөр төрийн байгууллагаа хахуульддаг байж болохгүй.

О.Содбилэг: Ийм их нөөц баялагтай, ийм том ордтой байж асуудлаа өөрсдөө шийдэж чадахгүй өрөнд ороод явж буй нь маш буруу юм.

Ч.Хүрэлбаатар: Бумаранг гэдэг шиг шидсэн юм чинь эргээд толгой дээр чинь бууж байна.

Н.Энхболд: Дубайн төлөвлөгөөг байгуулахдаа манай эрх ашиг дутуу бодогдсон байна. Тиймээс л огцруулах гэж байгаа юм.

Су.Батболд : Оюутолгойгоос орох үр ашгийг илүү байлгахын тулд монголынхоо ард түмний төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллах ёстой.