Ч.Сайханбилэг : Гаргасан шийдвэрийн үр дүн хэрэглэгч бүрт хүрч, эерэг нөлөө үзүүлж байхаар төлөвлөсөн
2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан нээлтийн арга хэмжээ “Нэгэн дээвэр дор” сэдвийн хүрээнд боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлсэн юм.
2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгож зарласан нь санамсаргүй тохиолдол биш
Монгол Улсын Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгох тогтоолыг гаргаж, энэ шийдвэрээ олон нийтэд хүргэсэн. Энэ бол санамсаргүй тохиолдол, зүгээр нэг тунхаг, уриа лоозонгийн чанартай зүйл биш.
2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарласан нь Шийдлийн Засгийн газрын хувьд улс орныхоо эдийн засаг, нийгмийн бодит байдал, хэрэглэгчдийнхээ амьдралд тулгамдаад байгаа бэрхшээлийгг удаан хугацаанд судалж үзсэний үндсэн дээр гаргасан шийдвэрийнх нь үр дүн хэрэглэгч нэг бүрт хүрч, тэр чинээгээрээ иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлж байхаар бодож төлөвлөсөн Засгийн газрын шийдлүүдийн нэг юм.
- Иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг шөнийн тарифаар ялгавартай тогтоон хямдруулсан
- УИХ-аар 2016 оны мөнгөний бодлого батлуулахдаа арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгасан
- Аймаг орон нутгийн бензин шатахууны үнийг Улаанбаатар хоттой ойролцоо үнээр тогтоож эхэлсэн
- Түр хугацаанд зогсонги байдалд орсон ипотекийн орон сууцны зээлийг хэвийн үргэлжлүүлэх болсон
- Иргэд, худалдан авагчдад НӨАТ-ын 2 хувийг буцаан олгохоор болсон
- Нийслэлийн иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг хүргэх шинэ төв Дүнжингарав худалдааны төвд нээгдсэн /Улаанбаатар хотын хүн ам олонтой бусад газруудад, аймгийн төвүүдэд байгуулахаар төлөвлөж байна/
- 11 11 төвийг нээж, Төрийн үйлчилгээний цахим машинд төрийн 25 үйлчилгээг цахимаар оруулсан /удахгүй төрийн 167 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ/
гээд Засгийн газраас ард иргэд рүүгээ, хэрэглэгчид рүүгээ хандсан олон шийдвэрүүдийг гаргасан.
Эцсийн үр дүн сэтгэл ханамж гэсэн чанарын үзүүлэлтээр хэмжигдэнэ гэдгийг мөрдлөг болгон ажиллах ёстой
Төрийн байгууллага шалгадаг, хянадаг, зогсоодог бус зөвлөдөг, тусалдаг, дэмждэг үндсэн зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. Төрийн бүх үйлчилгээг хүнд сурталгүй, ойлгомжтой, хөнгөн шуурхай байхаар зохион байгуулж, эцсийн үр дүн тоогоор бус хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн чанарын үзүүлэлтээр хэмжигдэнэ гэдгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл сэргэн, олон үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн учраас хэрэглэгчид эх орондоо үйлдвэрлэсэн эко цэвэр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг тогтолцоог бүрдүүлэх, иргэдэд хүрч буй үйлчилгээ олон улсын стандарт, чанарын шаардлага хангаж байхыг үндэсний хэмжээнд хэвшүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй.
Засгийн газар 2016 оныхоо үндсэн зорилгоо тодорхойлж чадсан. Үр дүн нь бидний идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаална. Төрийн байгууллагууд энэ ажилд манлайлж оролцож чадвал араасаа 3 сая хэрэглэгчийгээ дагуулах болно гэдэгт эргэлзэхгүй байна гээд нэг зорилгод хүрэхийн төлөө нэгэн дээвэр дор хамт зүтгэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бололцоотой бүх арга хэмжээг авах болно.