Нийгэм

Б. Майнбаяр : Хууль бус малтлага нь соёлын өвийн тухай хууль, хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэрэг

М.Энхмаа
2016-01-29 06:26

Өнгөрсөн 7 хоногт палеонтологийн чухал олдворыг хууль бус малтлага хийж тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Энэ олдворын талаар ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Майнбаяраас  зарим зүйлийг тодрууллаа. 


- Палеонтлогийн судалгаа манай улсад ямар түвшинд байдаг юм бэ? 

Одоогийн говь нутагт Цэрдийн галав буюу одоогоос 120 сая жилээс 70 сая жилийн тэртээ өнөөдрөөс эрс өөр байгаль цаг уурын орчинтой байсныг батлах олдвор цуглуулгыг палеонтологичид нээсээр байна. Үлэг гүрвэлийн судалгаа нь 1800-аад оны дунд үеэс бий болж ирсэн бөгөөд манай оронд 19-р зууны эхэн үеэс эхлэж анхлан судалгаа шинжлэгээг явуулсан байдаг. Үлэг гүрвэлийн судалгааны сүүлийн 100-аад жилийн түүхэнд Монголын говиос 80 гаруй төрөл зүйлийг олж тогтоон дэлхийн үлэг гүрвэлийн ШУ-д хувь нэмрээ оруулсан байдаг. Үүгээрээ манай улс нь палеонтологи, тэр дундаа үлэг гүрвэлийн судалгаа, шинжилгээгээрээ олон улсад дээгүүр байр эзэлдэг юм. Мөн бид дан ганц судалгаа шинжилгээ хийхээс гадна палеонтологийн олдворт газрыг хамгаалах, хамгаалтанд оруулах ажлуудыг давхар хийж гүйцэтгэдэг бөгөөд 2008 оны байдлаар Улсын хамгаалтанд байх 28, аймаг, орон нутгийн хамгаалтанд байх 15 олдворт газар байдгаас эртний ургамалын олдворт газар буюу чулуужсан мод олддог 1, үлэг гүрвэлийн олдвор олддог 29, үлэг гүрвэлийн өндөг олддог 1, үлэг гүрвэлийн мөрний олдворт газар 2, эртний шавьж болон загасны олдворт газар 2, сүүн тэжээлтэн амьтад буюу гуравдагчийн эринийн сээр нуруутан амьтад олддог 8 олдворт газрууд тус тус батлуулан хамгаалтанд аваад байна. Мөн 2014 онд үлэг гүрвэл олддог 13 газрыг ЮНЕСКО-ийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалтанд оруулж хамгаалах саналыг хүргүүлэн ажиллаж байна.

Үлэг гүрвэлийн олдвор нь хадгалагдсан байдал нь олон янз байдгаасаа хамаараад нэн ховорт тооцогддог юм. Тиймээс эдгээр олдворууд нь үлэг гүрвэлийн судалгаа шинжилгээнд маш ховорт тооцогдох юм. Жишээ нь Гадрозавридын зулзага энэ олдвор нь үлэг гүрвэлийн хувьсал хөгжил, насжилтын судалгаанд нэн чухал үүрэг гүйцэтгэх материал бөгөөд 84-71 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг.

-Өнгөрсөн 7 хоногт палеонтологийн чухал олдворыг хууль бус малтлага хийж тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Энэ олдворын талаар та мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?

Мэдээж ийм чухал олдворыг орон нутгийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн хүмүүст хэлэлгүй хууль бус малтлага хийсэнд харамсаж байна. Харин манай цагдаагийн алба хаагчид маш шуурхай ажилласны үр дүнд илрүүлэн бид одоо шинжилгээ хийж байна. Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops-ийн бүтэн биеийн хэлхээ яс, толгойн яс, нугас хошуут үлэг гүрвэл буюу Hadrosauridae-ийн 19,5см-ээс 14,5 см-ийн хэмжээтэй зулзаганы бүтэн бус хэлхээ яснууд юм. Эдгээр амьтад нь дэлхий дээр 71-84 сая жилийн хуримтлагдсан хурдас хуримтлал юм. Хадгалалтаасаа хамаараад нэн ховорт тооцогддог. Зулзаганы яс олдсон нь үнэхээр нэн ховор юм.

Хууль бус малтлага ер нь иргэд хэзээнээс эхэлж хийж ирсэн юм бэ?

Монгол улсын нутагт археологи, палеонтлогийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулах ёстой. Иргэд хууль бус малтлага 1990-ээд оноос хойш их хийх болсон. Маш олон палеонтологийн олдвор цуглуулга сүйтгэгдэж, хууль буй наймааны золиос болсон байдаг. Бидний сайн мэдэх Т-батаарын асуудал бол үнэндээ эмгэнэлтэй үйл явдал болсон шүү дээ. Зохион байгуулалттайгаар, ялангуяа говийн аймгуудаар бүлэг болон хууль бусаар малталт хийдэг хүмүүс ч цөөнгүй байна. Тэдгээр хүмүүс шинжлэх ухаанд хайртайдаа тийм ажил хийгээгүй нь тодорхой. Ашиг сонирхлын үүднээс л тэгж байгаа. Тиймээс иргэдэд хэлэхэд хууль бус малтлага нь соёлын өвийн тухай хууль, хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэрэг юм. Сонин, хачин зүйл олдвол ашиг хонжоо харахдаа гол нь биш мэргэжлийн байгууллага, орон нутгийн дээд байгууллагад хандаж мэдээлэл хүргэж, хууль ёсны авран хамгаалах ажиллагааг зохион байгуулж, орон нутаг иргэний нэр хүндийг хамгаалж явах нь ёс зүйн хэрэг юм. Хууль бус малтлага бол хуулийн хариуцлага ногдуулдаг гэмт хэрэг учраас иргэддээ соёлын өвөө битгий сүйтгээч гэж хэлмээр байна.

- Энэ олдворыг сэргээх боломж байна уу?

Сэргээн засварлах, боловсруулах гэдэг ажлууд маань маш их цаг хугацаа шаардсан ажил тиймээс хугацааны хувьд удаан бүрэн бүтний хувьд тийм ч төгс биш ч гэсэн засварлагдах боломжтой юм. Одоо бид яг сэргээж байна. Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops-ийн бүтэн биеийн хэлхээ яс, толгойн ясыг бол мэдээж мэрггэжлийн хүмүүс малтлага хийгээгүй учраас маш их эвдэж сүйтгэсэн байдалтай бидний гарт ирсэн. Энэ нь үнэхээр харамсалтай. Ямар ч байсан бид болох бүх арга хэмжээгээ авч байна. Бүтнээр нь авч үлдсэн бол энэ дэлхийн үлэг гүрвэлийн судалгаанд үнэтэй олдвор болох байлаа. Иргэд маань энэ гашуун түүхээс сургамж авч дахин ийм үйлдэл бүү хийгээсэй. Хэрэв эртний амьтны олдвор олдсон тохиолдолд мэргэжлийн байгууллага, холбогдох орон нутгийн дээд байгууллага болон цагдаагийн байгууллагад хандаж байхыг анхааруулж байна.