Улсын их хурал

Сонгууль хойшлох уу ?

А.Сэвжид
2016-01-29 08:24

Улс төрийн сонгуулийн тухай хуулиа оны өмнө баталсан УИХ одоог хүртэл тойргийн мандатын асуудалд нэгдсэн байр сууринд хараахан хүрээгүй байна.  Дархлагдсан гэж хэлж болохоор орон нутгийн тойргуудыг нь багасгана гэхэд МАН-ынхан тийм ч таатай биш байгаа. Нөгөө талд хотын тойргуудаас нийлээдгүй суудал авчихдаг АН нь нэмэх сонирхолтой байгаа учраас санал зөрж байна. Харин мандатын асуудлыг хэлэлцэж болох хуульд заасан хугацаа өнөөдрөөр дуусч байна. Хэрвээ асуудлыг зайлшгүй шийдэхэд хүрвэл өнөөдөр биш дахиад хэд хоног сунжирах төлөвтэй. Тэгвэл зургаан сард болох сонгууль хойшилж магадгүй юм. Ингээд тойргийн мандаттай холбоотой асуудлаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нэгэнт хуулиа гаргачихсан юм чинь УИХ-ын чуулганы байдлыг харах нь зүйтэй юм. Өнөөдөр хуулийн хугацаа дуусч байна. Хэрэв өнөөдөр эцэслэн шийдэхгүй бол зургадугаар сарын сүүлээр явагдах ёстой сонгуулийн хугацаа хойшилж мэдэх юм.

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Нэг гишүүн улсын дунджаар 60 гаруй мянган хүн төлөөлөх ёстой. Хуулиа бариад явах юм бол нийслэлийн мандатыг нэмэх ёстой. Тиймээс би дэмжиж байна. АН-ын бүлэг хуралдаад орон нутагт хуваарилж байгаа дөрвөн мандатыг нийслэлд татах нь зүйтэй гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Өнөөдрийн байдлаар Монголын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод аж төрж байна. Гэтэл нийслэлд тулгамдаад байгаа агаарын бохирдол, хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгмийн тулгамдаж буй олон асуудлыг нэг тойргоос сонгогдсон нэг гишүүн шийдэж хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс 1 сая 480 мянган хүнийг төлөөлөх УИХ-ын гишүүдийн эрхийг боогдуулж болохгүй. Мандатын тоог нийслэлд нэмэгдүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө. Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот 4.7 мянган кв.км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэсвгэрийн 0,3 хувьд нь 50 мандат, 99,7 хувьд 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга бус хуваарилалт юм. Иймд энэ асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар: Хүн амын тоотой харьцуулах ёстой. Нийслэлд олон мандат гэдэг утгаар нь биш хүн амын тоонд зохицсон байдлаар мандатыг хувиарлах ёстой. Тэр бол зарчмын асуудал юм. Түүнээс нийслэлд олон гэдэг ч юм уу, аль нэг гишүүн манай аймагт олон мандат олгох ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Хамгийн гол нь хүн амын тоонд нийцэж байх ёстой. Тэр нь нийслэлд байна уу Дархан-Уул, Эрдэнэт байна уу ялгаагүй юм.

УИХ-ын гишүүн С.Оюун: Хуулийн дагуу бол Улаанбаатар хотын мандатын тоо нэмэгдэх ёстой. Олон жил ярьсан атал хийж чадаагүй. Яагаад гэвэл орон нутгаас сонгогдсон гишүүдийн тоо их байдаг учраас. Энэ асуудал бол зүгээр л нэг гишүүдийн ашиг сонирхлын асуудал биш. Хэдэн иргэн, сонгогчдыг төлөөлөх вэ гэдэг утгаараа чухал юм. Улаанбаатар хотын дүүрэгт гэхэд нэг гишүүн 200-300 мянган хүнийг төлөөлж байдаг. Гэтэл хөдөө орон нутгийн жижиг тойрогт 20 мянган иргэн төлөөлөх жишээтэй. Тиймээс дэмжиж байна.

 


  1. 122.201.24.* Зочин 2016-01-29 22:48
    naduul chin hoishluulah bhoo