Ээлжит сонгуулийг зургадугаар сарын 29-нд товлолоо
Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6-р сарын 29-ний өдөр байхаар, мөн гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна.
2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр хадгалагдана
УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна.
Уг тогтоолын төсөлд аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож УИХ-ын сонгуулийн нийт 26 тойрог байгуулах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгохоор тусгажээ
. Мөн УИХ-ын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох УИХ-ын гишүүний мандатын тоог уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгасан байна.
Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдав. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалахаар болжээ.