Сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 11-нээс эхлүүлнэ
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөр тогтоосноор сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хуваарийг СЕХ-ноос гаргасан байна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой үйл ажиллагааны хуваарийг харууллаа.
Зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоох
Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг 2016.4.01-ний дотор тухайн сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтооно.
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх
2016.5.30-наас өмнө Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
2016.6.09-нөөс өмнө аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
ОНРТ-ээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь батлах
Сонгуулийн төв байгууллага нь ОНРТ-ээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарийг 2016.6.06-наас өмнө батална
.
Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх
Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө буюу 2016.6.11-нээс эхлүүлж
санал авах өдрөөс нэг хоногийн өмнө зогсооно.
Нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хориглоно
Аливаа этгээд 2016.6.22-ноос эхлэн нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг мэдээллийн хэрэгслээр тараахыг хориглоно.