Хүүхдийн хувийн нууцад халдвал хариуцлага хүлээлгэнэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл ихсэх, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг сөрөг үзэгдлүүдийг дагаад хүүхэд гэмт хэргийн золиос болох тохиолдол буурахгүй байгаа аж. Тухайлбал,гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрхи таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлдсэн гэх судалгаа байна. Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид байна. Бага насны охид ураг төрлийн хүчингийн золиос болсон гэмт хэргийн 88 хувь нь шүүхийн өмнөх шатанд хэрэгсэхгүй болсон байна гэсэн судалгаа ч дурдагдлаа.
Иймээс дээрх хуулийн төсөлд хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэж байх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлахаар зааж өгчээ.
Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тус тус тодорхойлоод байгаа аж.
Түүнчлэн хүүхдийн хувийн нууцад халдаж, дуу дүрсний бичвэр зураг тараах юм бол тухайн этгээд хариуцлага хүлээхээр төсөлд заажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эцэг, эхээс өөр хүмүүстэй хил гарах тохиолдолд хуулийн байгууллагад мэдэгдэхээр хуульд тусгах ёстой
” гэсэн санал ч дэвшүүлж байлаа.