Ардчилсан нам ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүллээ
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хоёрдугаар сарын 02-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан бөгөөд саналаа тухайн намуудад хүргүүлэхээр тогтсон. Энэ дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж нэгдэх саналыг албан ёсоор гардуулав.
Ардчилсан намын дарга З.Энхболдын ИЗНН, МҮАН-д хүргүүлсэн саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Монгол Үндэсний Ардчилсан нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. Монгол Үндэсний Ардчилсан нам нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт хамтран ажиллаж ирлээ.
Ялангуяа 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг хамтран гаргаж, бүтээн байгуулалтын чухал төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын улс төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хангах зорилгоор танай намыг Ардчилсан намд нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна.
Энэ асуудлаар хэлэлцээр хийх зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаанаас Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлээд байгаа болно.
Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг Ардчилсан намаас Монгол Үндэсний Ардчилсан намд санал болгож байна” гэжээ.
Эл асуудлын хүрээнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нар мөн уулзаж санал солилцлоо.
Намууд уг асуудлыг Гүйцэтгэх зөвлөл, Их, Бага хурал зэрэг шат шатны байгууллагууд, гишүүдээрээ хэлэлцүүлэн удахгүй шийдвэрлэх юм байна.