Нийгэм

476 жолооч зөрчлийн оноогоо хасуулжээ

А.Сэвжид news.trends.mn
2016-02-02 16:05

Өчигдрөөс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил гаргасан жолоочийн оноог хасаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 1-ний 00.00 цагаас хоёрдугаар сарын 2-ны 09.30 цаг хүртэл хугацаанд дээрх зөрчлийг гаргажээ.

Зөрчил гарган оноо хасуулсан байдлаар нь ангилвал:

  • 400 жолооч нэг оноо,
  • 74 жолооч хоёр оноо,
  • хоёр жолооч гурван оноогоо тус тус хасуулсан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Зөрчлийн оноо тооцох журмын хамгийн их буюу таван оноог зам тээврийн осол гаргасан тохиолдолд буруутай этгээдийн онооноос хасна. Өчигдрийн тухайд ослын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй учраас таван оноо хассан зөрчил тоологдоогүй байгаа аж. Зөрчлийн оноог хяналтын камерт бичигдсэн зөрчил дээр ч хасах юм.

Нийслэлийн хэмжээнд бүх замын цагдаа нарын төхөөрөмжөөр онооны хэмжээг харах боломжтой бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудсан дээр хэдэн оноос хасуулсан, одоо хэдэн оноо үлдсэн зэрэг мэдээлэл байх аж.

Цаашид иргэд онооныхоо мэдээллийг мессежээр, цахимаар харах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.