Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина
Энэ долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах болон тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар сонгосон байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 жил үргэлжлэх аж. Үйлдвэр ашиглалтад орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ
гэж үзэж байгаа ажээ.