Улсын их хурал

Н.Алтанхуяг : Ахмад үе нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь ачаагаа үүрч, залуу үе нь шүүмжлэгч бус зүтгэгч болох ёстой

М.Энхмаа
2016-02-03 04:05

“Ардын эрх” сонины“Онцлох зочин” буланд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ярилцлага нийтлэгджээ. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


 Улс орны хөгжил дэвшлийн талаар

Хүн цаг үргэлж суралцах, шинийг эрэлхийлэх , өөрийгөө шаргуу хөдөлмөрөөр ялан дийлэх зарчимтай байх ёстой.

Хөгжил дэвшилд яаж хүрэх вэ гэдгийг биш эхлээд яаж олон нийтийн ойлголт болгох вэ гэдгээ бодож байж өнөөдрийн олон бэрхшээлийг даван туулна.

Бохир улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн явуургүй шунал, ганц нэг хүний аминч үзэл нийт Монголын ард түмний хөгжих замд гацаа болсныг хүмүүс мартаагүй.

Ард түмэн нэгдмэл үнэт зүйлтэй, язгуур эрх ашгаа баримталж асуудалд ханддаг хандлагаа сэргээхгүй бол нэг гараараа босгосноо нөгөө гараараа сүйтгэсээр байх болно.

Бид гаднын болон дотнын цөөн тооны шуналтай хүмүүсийн өрддөг тамын тогооноос гарч дэлхийтэй цуг сэтгэх, уралдаж хөгжих хэрэгтэй.

Цаг хугацаа минут секундээр биш сар жилээр үр дүнгүй урсаж байна.

Өнгөрсөн зууныг хүнд аж үйлдвэр, байгалийн баялаг, зэвсэг тодорхойлдог байсан бол энэ зуун алганд багтдаг интернетийн эрин зуун болчихоод байна. Шинэ зуунд шинэ зууны л дүрэм үйлчилнэ.

Монгол төр ахмад, дунд, залуу үеийнхээ уламжлалт хэлхээг бодлогын төвшинд баримталдагаа сэргээх хэрэгтэй. Ахмад үе нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь арьсаа хамгаалахгүй ачаагаа үүрч, залуу үе нь шүүмжлэгч бус сэтгэж зүтгэдэг болох ёстой юм.

Шинэчлэлийн засгийн газрын талаар

Цаасан дээр бичигдэж дэлхийд гайхагдаж байсан өсөлт монгол хүнд юу ч үлдээгээгүй.

Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байя гэж зүтгэсэн маань огцрох шалтгаан болсон.

Оюутолгойн хоёр тэрбум ам.долларын хэтрэлт дээр буулт хийнэ гэдгийг би хувьдаа ойлгохгүй.

МАН-ын 90 гаруй жилийн түүхийг өнөөгийнх шиг сэтгэлгээтэй удирдагчид бүтээгээгүй нь тодорхой.

Улс орноо хорлож улс төрийн өрсөлдөөн хийдэг цөөхөн явцуу удирдлагаасаа салах цаг нь болсон гэдгийг МАН ойлгох хэрэгтэй.

АН-ын талаар

АН байгуулагдсан цагаасаа хуйвалдаж үгсэж шийдвэр гаргадаггүй зарчимтай. Үзэл бодол зөрөлдсөн тохиолдолд илээр мэтгэлцэж зөвлөөд олонхийнхоо шийдвэрийг дагадаг.

Ардчилсан нам засгаа огцруулахгүй аваад үлдэж болдгийг бүгд харлаа.

Сайн үйл үргэлж ярьж явдаг хүн, сайхан үйлдэл үргэлж бүтээж явдаг хүн хоёрт асар том зөрүү бий. 

Засгийн газраа нөгөөдүүлтэй нийлж огцруулсан хүн өөрөө Ерөнхий сайд болно гэдэг ямар ч ёс зүйд таарахгүй зүйл.

Хамгийн гол нь намаа хагалснаас Н.Алтанхуяг буусан нь дээр гэж би хувийн шийдвэрээ гаргасан.

АН-ын хувьд Х.Тэмүүжингүйгээр, Н.Бат-баяргүйгээр, Ч.Сайханбилэггүйгээр, магадгүй “Женко”-гүйгээр сэтгэхгүй нь үнэн.

Намайг намын дарга хийж байсан зургаан жилд фракц гэдэг ойлголт л лав байгаагүй.

Үндсэн хуультай холбоотой гэх ээдрээтэй асуудлын талаар

Бид өөрсдөө эрх мэдэлд улайрсан, шунасан байдлаасаа болж энэ тэнцвэрт байдлыг, хүчний харьцааг алдагдуулсан.

Ардчилал болохоо байлаа гэдгийг ардчилалд итгэдэг хүмүүсийн итгэлийг алдагдуулах зохион байгуулалттай үйл ажиллагаа явж байна гэж хардаг.

Суурь зарчмаа Үндсэн хуулиараа тодорхой болгож цэгцлэхгүй бол хэн дуртай нь шуналдаа нийцүүлж нэгнээ барьцаалах замаар Монголыг удирдах гэж оролдоод байгаа нь маш аюултай үзэгдэл.

Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг том баймаар байгаа юм. Ядаж л доошоо бууж аж ахуйн ажил, томилгоо руу ордоггүй баймаар байна.

Нийгэмд үүсээд байгаа ээдрээтэй асуудлаас гарах зөв шийдлийн талаар

Шунал хүслээ жаахан хазаарладаг ёс зүйтэй хүмүүс Монголын нийгэмд хэрэгтэй байна

Улс төрийн өрсөлдөгч гэж харсан хүмүүсээ ямар ч хамаагүй аргаар муу хүн болгодог бохир арга барилтай.

Монголын нийгэмд бий болсон буруу жишиг бол мөнгөтэй хүмүүсийг үзэн яддаг сэтгэл зүй.

Монголын нийгмийг шуналаа барьж чаддаггүй нэг хэсэг, хэд гурван төгрөгөөсөө болоод ёс зүйгээ мартчихсан нэг хэсэг баллаж байна. 

Эдийн засгийн талаар

Эдийн засгийн хөгжлийг би хүний хөгжлийн асуудал гэж ойлгодог.

Экспортлогч улс болохын тулд бид  харьцангуй давуу талдаа төвлөрсөн өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч гүрний суурийг зөв тавих хэрэгтэй.

Н.Энхбаярын Засгийн газрыг бол газар хувьчилснаар нь, С.Баярын Засгийн газрыг “Атрын III” аянаар нь, Оюутолгойн гэрээг байгуулснаар нь бүгд л санаж байгаа.

МАН-ынхан хоёр “Чингис” бондтой тэнцэх хэмжээний мөнгийг 21 мянган төгрөг, нэг сая төгрөг болгож тарааж дуусгасан.  Хамгийн аюултай нь ирээдүйгээсээ зээлээд тараачихсан.

Улс орон хөгжөөд дүрэлзээд байхад цучил нэмэхийн оронд гал командын машин авчирч байгаад шланкаар ус шүршдэгээ л МАН-ынхан болих хэрэгтэй.

Хууль хүчний байгууллагын талаар

Манай Засгийн газар шиг авлига, хээл хахуультай тэмцсэн Засгийн газар байхгүй.

Алтанхуяг гэдэг хүний нэр хүндийг унагахын тулд ажиллагааг ойр тойрныхноос нь эхэлсэн.

Хамгийн аюултай нь зохиомол хэргүүдэд  хохирогч байхгүй, дарамталж л хохирогчтой болгодог.

Би “Нүүрс” хөтөлбөрөөр туршилт хийж Монголд байгаа нэмүү өртөгийг шударга бусаар нэмэгдүүлдэг картел буюу ченжийн системийг арилгахаар ажилласан.

Аливаа бизнес ашгийн төлөө байх нь зүйн хэрэг. Гэхдээ мөлжигч байж болохгүй. 

2016 оны сонгуулийн талаар

Үлдэж байгаа хугацаанд зөв ажиллаж чадвал Ардчилсан нам 2016 оны сонгуульд багаараа ялах боломжтой.

Орон нутгийн иргэдийн нүдэн дээр өөрчлөлт гарчихсан учраас иргэд “Эднийг эрт сонгох нь яалаа” гээд халаглах хүн зөндөө байна.

Хүн бүр дээр очоод нүдэндээ харж буй хийсэн ажлуудаа гараараа нүүр бардам зааж байгаад сонгуульд өрсөлдөнө.

Сэтгэл, зүтгэл, зорилго гурваа нэгтгэхэд ялалт ойрхон харагдаж байна. Ардчилсан нам сонгуульд ялна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


  1. 122.201.21.* Зочин 2016-02-03 16:37
    Олон еронхий сайд нараас хамгийн муу богоод улс орныг хэцуу байдалд оруулсон хун бол та