Х.Тэмүүжин : Дахиад иргэд рүүгээ буу шагайхад бэлэн хүн байгаад харамсч байна
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин :
" Дотоодын цэргийг татан буулгах 3 үндэслэл байсан юм. 2008-2012 оны парламентын үед Ц.Нямдорж гишүүн иргэдийнхээ өмнөөс зэвсэглэсэн цэрэг явуулах утга бүхий хууль оруулж ирж байсан. Тэгээд дотоодын цэргийг татан буулгаад, үүргийг нь Цагдаагийн хэтлсүүд гүйцэтгэхээр болоод Улаанбаатарт 14 цагдаагийн хэлтэс болгож өргөжүүлсэн. Одоо харин цагдаагийн бие бүрэлдэхүүнээс хүн татна гэдэг сум бүрт байгаа 2 цагдаа, 1 төлөөлөгчийг татна гэсэн үг.
Албан тушаалд очихоороо бүх байгууллагыг өөрийгөө хамгаалах систем болгох гэсэн дон яагаад шүгэлчихсэн юм. Прокурор байхдаа цагдаагийн ажилтнуудыг иргэд рүүгээ галт зэвсэг нээлээ гэж шоронд явуулчихаад одоо галт зэвсэг барих дотоодны цэрэг хэрэгтэй гэж байгаа хувь хүнийг ерөөсөө ойлгохгүй юм. Армитай адилхан армийг Хуульзүйн яамны дэргэд байгуулах гээд байгаа хүсэл эрмэлзэл үүсээд байгааг би хувьдаа дэмжихгүй.
2008.07.01-нд 5 хүн амиа зольсон. Тэр иргэд хэний өмнөөс жагссан юм бэ. Албан тушаалаа сэлгэж дараа нь дүрээ хувиргадаг хүмүүсийн өмнөөс дуугарахыг хүсээгүй. Дахиад иргэд рүүгээ буу шагайхад бэлэн байна гэсэн хүн байгаад харамсч байна. Юунд бэлдээд галт зэвсэг бүхий хүмүүсийг байгуулах гээд байгаа юм.
Энэ хуулийн төсөлтэй төстэй хуулийн төслийг өмнө нь УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлж байсан. Тэр үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байсан. Тиймээс гишүүдийн дээрх байр суурь хэвээрээ байгаа эсэхийг тодруулах үүднээс асуудлыг АН-ын бүлэг дахин хэлэлцэх хэрэгтэй. Хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газар, УИХ-ын гишүүдийн дунд ойлголтын зөрүү байгаа учир ойлголтоо нэг мөр болгох нь зүйтэй." гэлээ.
Дээрх саналыг тус байнгын хорооны гишүүд дэмжин Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхийг хойшлууллаа.