Сонгуулийг гэрээсээ өгч, төрийн бүх үйлчилгээг онлайнаар авдаг болно
Бид төрийн үйлчилгээг авахдаа, аж ахуй нэгжээр үйлчлүүлэхдээ, татвар, шимтгэл төлөх, банкны үйлчилгээг авахад заавал өөрийн биеэр очиж гарын үсэг зурах шаардлагатай байдаг билээ. Харин тоон гарын үсгийг хэрэглэдэг болсноор бид төрийн бүхий л үйлчилгээг гэрээсээ авах боломжтой
болох юм байна. Нэг үгээр хэлбэл, та гэртээ, ажил дээрээ сууж байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтдаа тоон гарын үсгээ зурж онлайнаар илгээх боломжтой, ямар нэг байгууллагатай гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол онлайнаар гарын үсгээ зураад илгээх боломжтой, өмнө нь та банкнаас ямар нэг гүйлгээ хийхдээ заавал өөрөө гарын үсэг зурдаг байсан бол онлайнаар гарын үсгээ зурна, та заавал өөрөө очих шаардлагагүй, мөн та удахгүй болох сонгуулийг ч мөн та гэртээ сууж байгаад онлайнаар өгөх боломжтой болох юм байна.
Энэхүү тоон гарын үсэг зурдаг системийг ирэх 3 сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэх
бөгөөд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хэрхэн ашиглаж хэрэглээндээ нэвтрүүлэх, улмаар энэ нь ямар ач холбогдолтой талаар Мэдээлэл технологи,шуудан харилцаан холбооны газар, гүйцэтгэгч байгууллага Интерактив ХХK, Монпасс ХХК, мөн бусад төрийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.
Тоон гарын үсэгтэй болсноор ямар давуу тал вэ?
-Цаасан харилцаа байхгүй болно
- Төрийн болон бизнесийн бүх үйлчилгээг түргэн шуурхай цахимаар авдаг болно
-Хөдөлмөр, цаг зав хөнгөвчилнө
-Эдийн засагт сайнаар нөлөөлнө
-Гадаадад явж байсан ч онлайнаар гарын үсэг зурж болно
-Авилгал, хээл хахууль багасна
Хувь хүн тоон гарын үсгийг хэрхэн ашиглах вэ?
Алхам 1 Тоон гарын үсэгтэй болох хүсэлтээ гаргаж гэрчилгээ авна
Та тоон гарын үсэгтэй болж гэрээсээ, эсвэл ажил дээрээсээ бүхий л төрлийн үйлчилгээг авахын тулд 3 сарын 1-ээс эхлэн харьяа хорооныхоо иргэний бүртгэл мэдээллийн ажилтан дээр очиж тоон гарын үсэгтэй болох хүсэлтээ гаргана. Та энэ үед заавал өөрийнхөө иргэний үнэмлэхийг авч очсон байх хэрэгтэй. Таны хүсэлтийг бүртгэлийн ажилтан хүлээж аваад таны цахим иргэний үнэмлэхийн чипэнд тоон гарын үсгийн хос түлхүүр, гэрчилгээг бичиж өгнө. Нэг үгээр хэлбэл цахим иргэний үнэмлэхэд таны тоон гарын үсгийг суулгаж өгнө гэсэн үг.
Алхам 2 Үйлчилгээ авахдаа тоон гарын үсэг суулгуулсан цахим үнэмлэхээ уншуулна
Тухайлбал, та гэрээсээ онлайнаар сонгууль өгөх гэж байгаа бол сонгуулийн хуудсыг онлайнаар бөглөчхөөд өөрийнхөө тоон гарын үсгийг суулгуулсан төхөөрөмж буюу цахим иргэний үнэмлэхээ уншуулна. Уншуулахын тулд танд тусгай төхөөрөмж хэрэгтэй. Тэр төхөөрөмжийг та ойролцоох төрийн байгууллагад очиж хэрэглэж болно, бас хувьдаа худалдаж авч болно. Ингээд та ямар ч үйлчилгээг онлайнаар авах боломжтой болно.
Бизнес эрхлэгч албан байгууллага хэрхэн тоон гарын үсэгтэй болох вэ?
Алхам 1 Тоон гарын үсэгтэй болох хүсэлтээ гаргаж гэрчилгээ авна
Аж ахуй нэгж байгууллагын хувьд хувь хүнээс ялгаатай нь таны тоон гарын үсгийн зөөгч төхөөрөмж нь цахим иргэний үнэмлэх бус гар утасны сим карт, бичил карт, USB төхөөрөмж байх юм. Нэг үгээр хэлбэл, байгууллага аж ахуй нэгж тоон гарын үсэгтэй болох гэрчилгээгээ авахын тулд гар утасны сим карт, бичил карт, USB авч очин хүсэлт гаргана. Тэр үед тухайн гааль, татвар, нийгмийн даатгалын газар гэхчлэн холбогдох газрууд таны төхөөрөмжид тоон гарын үсгийг суулгаж өгнө.
Алхам2 Тоон гарын үсэг суулгуулсан төхөөрөмжөө уншуулж үйлчилгээ авна
Тухайлбал, танай байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг онлайнаар илгээхдээ тоо гарын үсэг суулгуулсан төхөөрөмжөө уншуулна. Уншуулахын тулд танд тусгай төхөөрөмж хэрэгтэй. Тэр төхөөрөмжийг та ойролцоох төрийн байгууллагад очиж хэрэглэж болно, бас хувьдаа худалдаж авч болно. Ингээд та ямар ч үйлчилгээг онлайнаар хийж, авах боломжтой болно.