Нийгэм

Х.Хатанбаатар : Засаг төр минь бай шагналынхаа 5%-д нь ч болтугай оюуны спортын тамирчдаа дэмждэг болоосой

М.Энхмаа
2016-02-03 10:41

Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Даншиг наадам”-д байр эзэлсэн бөхчүүдэд олгох олон сая төгрөгийн шагнал урамшуулалын талаар байр сууриа илэрхийлжээ. 


 Засаг төр минь иймэрхүү бай шагналынхаа 5%-д нь ч болтугай оюуны спортын тамирчдаа дэмждэг болоосой доо.

Жилдээ дунджаар олон улсын чанартай 10-аад тэмцээнд оролцдог байсан манай тамирчид санхүүгийн хүндрэлээс болоод энэ жил ердөө 3-хан л тэмцээнд оролцохоор боллоо.

Бид нар энэ жил бэлтгэгдэн гарч ирж байгаа шинэ тамирчдаа олон улсад өрсөлдүүлэх боломжгүй болж байгаа юм. Улсынхаа rating-ээ алдахгүйн тулд хуучин тамирчдаа гол гурван тэмцээн болох Азийн аварга, Дэлхийн аварга, 4 жилд нэг удаа болдог MEMORIAD Mental Olympics буюу Оюуны олимпод л оролцуулахаар болсон.

Үнэхээр төрөөс системтэй дэмжлэг үзүүлэхгүй л бол ямар ч спорт тэгээд л дуусдаг юм шиг байна. Бид нар хуучин шигээ бор зүрхээрээ явцгаагаад цаашдаа хүчрэхгүй юм шиг байна.

Өнгөрсөн хугацаанд бид хамт олонтойгоо 35 олон улсын тэмцээнээс 484 медаль хүртэж, олон сайхан мастерууд төрүүлэн, дэлхийн олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож Монгол хүний үнэ цэнийг дэлхийд мэдрүүлсээр ирсэн.

Оюунлаг толгой л Монголыг хөгжүүлнэ гэж камерийн өмнө бүлт бүлт үсэрдэг томчууд маань бодит байдал дээр дэмжлэг хүсээд очиход өөдөөс эвтэйхнээр хэлбэл долоовор, дунд хурууныхаа завсраар эрхий хуруу л өгдөг юм даа.

Төрөөс биднийг заавал дэмжих албатай биш л дээ. Тиймээс бид уйлан дуугарахгүй ээ. Хамгийн гол нь аль ч салбарт хэн нэгэн аавын хүү, ээжийн охин эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөөд ирэхэд нь холбогдох хүмүүс нь ядаж уулзаад урмын үг хэлчихэж байгаасай. Хүн урмаар л цаашаа явна шүү дээ.

Миний хувьд одоо тамирчдаа бэлддэг, гадагшаа дотогшоо тэмцээн уралдаанд явдаг ажлаа орхиод өөр зүйлд төвлөрөх цаг маань болж байх шиг байна даа. Гэхдээ ‪#‎улстөр‬ биш шүү.

Ой тогтоолтын дэлхийн аваргын мөнгөн медальт
Чээж бодолт, хурдан уншлагын ОУ-ын аварга
Олон Улсын шүүгч
Х.Хатанбаатар