Улсын их хурал

Н.Энхбаяр: Би Шийлэгдамбаас хувьдаа мөнгө аваагүй

А.Сэвжид
2016-02-04 01:25

МАХН-ын дарга, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн тэргүүн Н.Энхбаяр ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын илчилсэн “үнэн” буюу олон нийтийн анхаарлыг татсан асуудалд тайлбар хариулт хийлээ. Тэрээр ТВ5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт найм дахь удаагаа оролцож, хамгийн ихээр хайрлаж, итгэж явсан Г.Шийлэгдамба дүүгээ өрөвдөж байгаагаа илэрхийлэв. Түүний ярианаас товчлон хүргэж байна.

-Г.Шийлэгдамба хоёр сар гаруй хугацаанд авлига, хээл хахуулийн асуудлаар хоригдлоо. Гарч ирээд бичсэн захидал нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Та мэдээж энэ захидлыг уншсан байх. Хэрхэн хүлээж авсан бэ?

-Би ч тэр, манай намынхан ч тэр бидний хайрлаж, дэмждэг байсан Шийлэгдамбыгаа тэр захианаас олж хараагүй. Энэ бол их айсан сандарсан, хүнд хэцүү байдлаасаа гарах аргаа олж ядсан, тэр утгаараа ямар нэгэн байгууллага юм уу, хүмүүсийн шахалтаар, магадгүй зөвлөгөөгөөр бодлогогүй, бодитой үнэнд нийцэхгүй ийм алхам хийж байгаад бид их харамсаж байгаа. Гэхдээ хүнд хэцүү, ойлгож байгаа. Хүнд хэцүү байдалд орсон хүн “Живж байгаа хүн сүрэл өвс тааралдсан ч барьж авдаг” гэж ярьдаг шиг сүрэл өвс тааралдсаныг барьж авч байгаа арга нь юм болов уу.


Нөгөө талаас Г.Шийлэгдамба маань ийм юм хийх хүн биш. Угаасаа бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Авлига авах ч хүн биш. Намын санхүүжилтийн асуудлыг л хөөцөлдөж. Угаасаа үүрэг нь тийм юм чинь, ерөнхий нарийн бичгийн дарга. Тэгээд л ямар нэгэн үл ойлгогдох байдалд орсон байх. Үнэн мөн нь тогтоогдох байх. Манай Шийлэгдамба гэмт хэрэг хийгээгүй учраас ямар нэгэн асуудалд холбогдолгүйгээр гарч ирнэ гэдэгт бид итгэж байсан. Уг нь ингэж итгэж л байгаа.

-Захидлын гол агуулга тантай шууд холбогдож байсан. Авлига, хээл хахуулийг МАХН-ын даргын шаардлагаар авсан. Танд 50 мянган доллар аваачиж өгсөн, дараагийн мөнгийг өгөх гэж байсан гэдгээ захидалдаа дурдаад, телевизийн ярилцлагад онцолж хэлсэн. Энхбаяр дарга Шийлэгдамбатайгаа нүүр нүүрээ харж байгаад өгч авалцсан мөнгөнийхөө тухай ярилцаасай гэж хүмүүс хүсч байгаа байх. Та тайлбар хийх үү?

-Яг тэр өдөр мөнгө төгрөг өгсөн авсан юм ерөөсөө байхгүй. Мэдээж хэрэг би уулзахдаа Шийлэгдамбыг ч тэр, Тэрбишдагвыг ч тэр, бусад гишүүдтэй “Намын санхүүжилтийн асуудал дээр та нар анхаараарай, туслаарай, дэмжээрэй. Тэр тусмаа Г.Шийлэгдамба хариуцаж байгаа хүний хувьд энэ асуудлыг гардан хөөцөлдөх ёстой шүү гэж мэдээжийн хэрэг шаардана шүү дээ. Тэрийг өнөөдөр тулган шаардсан юм шиг тайлбарлаж байгаа нь, би түрүүн хэлсэн, живж байгаа хүн хүнд хэцүү байдлаас гарах гэж оролдож буй оролдлого гэж ойлгож байгаа. Би бас өрөвдөж байна, хайрлаж байна. Гэхдээ ийм улаан цайм худлаа юманд зөвшөөрч хэлж би бас чадахгүй шүү дээ.

Намдаа санхүүжилт өгдөг. Манай намынхны нэг ийм арга байдаг. Юм л бол энэний цаана Энхбаяр дарга байгаа, Энхбаяр дарга л ингэж хэлсэн гэж. Тухайн үед Бямбадорж дарга хэлж байсан юм, УИХ-ын дэд дарга байхдаа “Дарга аа таны нэрийг бариад манай намынхан янз бүрийн юм хийгээд байна гэж. Би хэлж байсан. Үгүй яахав дээ, миний нэрийг бариад сайн юм хийж байгаа бол. Муу юм хийж байгаа бол өөрсдөө хариуцлага хүлээн биз гэж. Шийлэгдамбад ч би хэлдэг байсан. Хэрэг төвөгт орохоор юм хийж болохгүй. Намынхаа санхүүжилтийг харин босгох хэрэгтэй. Өөрсдөө хэрэг төвөгт орохоор юм хийчихээд, сүүлд нь над руу чихэх тийм юм байхгүй шүү, шууд хэлье. Бүгдээрээ л ойлгодог байсан шүү дээ. Бүгдээрээ гэрчилнэ.

-Энд нэг ноцтой асуудал яриад байгаа. МАХН-ынхан захиалгаар өмгөөлөгч авч өгсөн, өмгөөлөгчийн үнэ 60 сая төгрөг. Тэр нь нэгэнт чи хэлсэн юм чинь хэргээ хүлээ гэсэн шахалт ирсэн тухай ярьсан байгаа?

-Би ийм юм хариулж сууж байгаадаа их харамсаж байгаа. Шууд хэлэхэд би Шийлэгдамбаас хувьдаа мөнгө аваагүй. Намын санхүүжилтийн асуудлыг хөөцөлд гэж шахаж байсан нь үнэн. Намдаа санхүүжилт авчирч өгөх нь ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамбын үүрэг. Тэр үүргээ биелүүлж байснаа өнөөдөр Энхбаярт мөнгө өгч байсан маягаар тулгаж байгаа бол би зөвшөөрөхгүй. Түүнээс биш би Шийлэгдамба намдаа ерөөсөө санхүүжилт өгч байгаагүй гэж хэлэхгүй байна шүү дээ. Угаасаа үүрэг нь тэр. Энийг хууль хяналтын байгууллагынхан ашиглаад ч юм уу, сонгуульд Энхбаяр гэдэг хүнийг оруулахгүй, МАХН-ыг хүнд хэцүү байдалд оруулна гэж бодож төлөвлөж байгаа бол би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол зурагдсан пянз гэж би хэлсэн. Харамсалтай нь, эд нар миний хайрлаж, дэмжиж байсан залууг ашиглаж ийм юм хийж байгаад би үнэхээр гайхаж, бухимдаж байна. Энэ залуугийн хүнд хэцүү байдлыг би ойлгож байгаа. Гэхдээ ийм худлаа гүжирдлэгийг би зөвшөөрөхгүй.

-Тэрбишдагва дарга танд захиа бичсэн гэж яриад байгаа. Захианы агуулга нууц биш бол та хэлэхгүй юу. Энхбаяр МАХН-даа эргэн ирээд, гурван жил сайн авч явсан хүмүүсийг эргээд шахаж байна гэсэн өнгө аяс төрүүлээд байгаа юм шиг байна?

-Нууц захиа биш. Хоёр хэсэгтэй бичиг. Эхнийх нь намын дэд даргынхаа ажлаас чөлөөлөгдье гэсэн бичиг.  Түүнийгээ тайлбарлаж байгаа юм уу, санаа бодлоо илэрхийлж байгаа юм уу тодорхой захиа байсан. Гол санаа нь, хүнд хэцүү он жилүүдэд энэ намыг тараачихгүйхэн шиг, бутаргачихгүйхэн шиг авч явлаа. Тийм учраас миний үүрэг дууссан гэж үзэж байна. Та буцаж ирлээ. Намаа удирдаад ажиллаж байна. Тийм учраас би дэд даргынхаа ажлыг өгье гэсэн. Хоёрдугаарт, дэд даргынхаа ажлыг өгч байгаа нь намаас гарна, эсвэл янз янзын болчимгүй алхам хийнэ гэсэн үг биш шүү. Би Архангайд, Сонгинохайрхан дүүрэг дээрээ идэвхтэй ажиллаж гэж бодож намынхаа рейтингийг, хувь хүнийхээ рейтингийг өсгөе гэж бодож байгаа учраас ийм алхам хийж байна гэж. Гуравдугаарт, хүмүүсийн тухай, өөрөөр хэлбэл Шадар сайдаар ажиллаж байх үедээ ганц хоёр залуусыг томилж байсан. Тэр хүмүүсээ дахиад томилуулах юмсан гэх зэргээр намын боловсон хүчний томилгооны асуудал дээр санал бодлоо илэрхийлсэн байсан. Нам дээр тэр асуудлаар холбогдож ярих юм бол ротацийн зарчмаар боловсон хүчнийхээ томилгоог хийе гэсэн зарчим тохирсон байсан учраас бид тэр зарчимд нийцүүлэн ажил хийж байгаа. Мэдээж хэрэг хүн томилогдохоороо баярладаг, томилогдохгүй бол гомддог. Эсвэл хүн сайхан явахдаа баярладаг, хүнд хэцүү байдалд орохоороо хэн нэгэн буруутныг хайдаг. Тэр нь голцуу МАХН-ын хувьд намын дарга нь, дээр нь намын дарга өөрөө буруутай юм шиг хүмүүс ойлгодог, эсвэл ойлгуулдаг. Намайг буруутгахаасаа илүүтэй байдлыг тайлбарласан байдалтай захиа байна лээ. Нэг их нууц юм байхгүй.

-Таныг тойроод авлигач гэсэн нэр томъёог олон жил зүүгээд, ер нь таныг улс төр лүү ахих гэхээр ямар нэгэн асуудал хөндөгдөөд байх юм. Монгол Улсын Шадар сайд болох нь гэдэг яриа гараад бараг гурван гаруйн хугацаа өнгөрлөө. Түүнийг дагасан улс төрүүд яваад байна. Энийг та яаж хүлээж авч, харж байна вэ? Шадар сайд болох хууль зүйн үндэслэл байна уу? Эрх зүйн орчин бий юү?

-Би сая Шийлэгдамбын тухай хэлсэн үгэн дээрээ хэвээрээ байгаа. Би бол авлигал аваагүй гэж бодож байгаа. Өөрийнх нь тэр захидалд ч тэр “Энэ бол авлигал биш ээ”. Авлигын хууль тодорхой субъекттэй. Төрийн албан тушаалтан байж байж энэ авлигын асуудалд орооцолдохоос биш  над шиг өнөөдөр төрийн ямар нэгэн ажил хийгээгүй, энэ асуудалд орооцолдох субъект болох ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Тийм учраас хэн нэгэн хүн надад мөнгө авчирч өгсөн, эсвэл намд өгсөн нь намайг авлига авсан гэж хардах, сэрдэх, эсвэл энэ субъект нь мөн гэж энэ асуудалд холбогдуулан орооцолдуулах ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Энэ бол цэвэр улс төрийн үйл ажиллагаа. Харамсалтай нь манай Шийлэгдамба энэ үйл ажиллагаанд нь оролцож байгаад би харамсаад, хагас бухимдалтай ч гэх юм уу байна шүү дээ.  Зовлонгийн мэдэж байгаа учраас л...

-Тэгэхээр та хамгаалах уу?

-Хамгаалалгүй яах вэ. Буруу зөрүү юм хийгээгүй гэж өөрөө хэлээд байна. Бид ч гэсэн буруу зөрүү юм хийгээгүй гэж бодож байгаа. Гэхдээ харамсалтай нь улс төрийн зохион байгуулттай тоглолтод оролцож байна. Жишээлбэл, ил захидал, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгээс нь харахад, Хагас үнэн гэж байдаг. Хагас үнэн чинь худлаагаас илүү аюултай. Энхбаяр даргатай Шийлэгдамба уулзах уу? Мэдээж хэрэг уулзана. Энхбаяр дарга та нар мөнгө босгож намаа бод гэж ярьдаг уу, ярьдаг. Мэдээж хэрэг бүх л нам тэгж байгаа. З.Энхболд дарга ерөнхий нарийн бичгийн даргатайгаа мөнгө төгрөг яаж олох вэ гэж ярьдаг л байх. Ардын намын Энхболд ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбаттайгаа ярьж л байгаа байх. Ярьдаг уу ярьдаг. Гуравдугаарт, ЭМС-ын сайдаар ажиллаж байгаа юу ажиллаж байгаа.

Ийм байдлаар тоглолт явж байгаа байхгй юу. Энхбаяр даргатай уулздаг юм чинь энэ нэг асуудлыг ярьсан болъё, Намынхаа санхүүжилтийн асуудлыг хариуц гэж хэлдэг үү, хэлдэг нь үнэн. Энэ дээр тулгуурлаж тоглоом явж байгаа байхгүй юу. Харамсалтай нь манай Шийлэгдамба, бидний хамгийн их итгэж найдаж байгаа хүн маань ийм улс төрийн үйл ажиллагаа руу яваад орчихлоо шүү дээ. Нэвтрүүлэг нь өөрөө бас бэлтгэлтэй. Бид хоёр бол юу ч бэлтгээгүй, өөрөө л шууд асуугаад явж байгаа. Тэр бол бүр бэлтгэлтэй, Баатарын зураг ч байх шиг. Хаа байсан 2006 оны Баатар. Баатарын асуудал ч яригдаж байх шиг. Оюунбаатар шадар сайд ямар захидал нээсэн ч гэх шиг. Тэгж ийм бэлтгэлтэй нэвтрүүлэгт орж байгаа байхгүй  юу. Яагаад гэвэл Энхбаяр гэдэг хүн намын л дарга. Гэхдээ  төрийн ажил хийгээгүй учраас би тэр авлгын хэрэгт орооцолдохгүй. Гэтэл намайг ингээд холбоод хаячихаж байгаа юм. Тийм учраас энэ өөрөө бүхэлдээ яг үнэнийг тогтоож байгаа ажил биш. Над руу чиглэсэн, үнэнээс бултах гэж байгаа, намайг намыг эвгүй байдалд оруулах гэж байгаа зорилготой тийм ажил болчихлоо доо, харамсалтай нь. Би бол нэг талаасаа Шийлэгдамбыгаа ойлгоод байна ш дээ. Энэ залуу хүн тэвчээр, сэтгэлийн хат муутай л байна.

-Нөгөө талаасаа?

-Ийм муухай, ийм худлаа маягаар намынхаа даргыг, өөрийг нь хайрладаг, дэмждэг, одоо хүртэл итгэлээ алдаагүй намайг хэрэгт холбогдуулах, эвгүй байдалд оруулах маягаар, эндээс өөрөө сугарч гарах гэж байгаа бол тэр болохгүй ээ. Ийм юм байж болохгүй. Энэ бол хуулийн талаасаа ч, ёс зүйн талаасаа ч болохгүй.

-Таныг шадар сайд болгохгүй гээд ийм асуудал яваад байгаа юм биш үү?

-Шадар сайд болно гэж анх яригдсанаас хойш ерөөсөө л намайг янз янзын аргаар болгохгүй гэж байгаа. Миний сонссон үнэн юм уу, үгүй юу. Шийлэгдамбын ярьж байгаа нь үнэн худлаа юу гэдгийг би мэдэхгүй. Шадар сайд эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзаад, иймэрхүү боловсон хүчний бодлого гарах гэж байгаа шүү гэхэд “Өө Энхбаяр дарга маань шадар сайд болоод, намаа зангидаад, нам төр засгийнхаа бодлогод оролцоод явах нь маш зөв шүү. Би дэмжиж байгаа. Энэ бодлогыг  дэмжиж байгаа гэж даргад хэлээрэй” гэж хэлүүлсэн гэж байгаа. Тэр нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу би сайн мэдэхгүй байна шүү дээ. Гэтэл одоо болохлээрээ Шадар сайд болохын төлөө бараг намайг золиослочихлоо гэж ярьж байгаа нь буруу байхгүй юу. Шадар сайдын асуудал яригдсан. Өөрөө дэмжиж байгаа гэж Шийлэгдамба ярьж байгаа. Одоо Ардчилсан намын нөхдүүд маань, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Энхболд дарга аль аль нь дэмжиж байгаа л гэж ярьж байгаа.

-Болдоггүй шалтгаан нь?

-Яг явах гэхээр ялтай, ялгүй асуудал гараад ирдэг гэж байгаа. Ялтай ялгүй асуудлын тухай би олон дахин тайлбарласан. Анхнаасаа хэлмэгдсэн гэдэг асуудлыг мэдэж байгаа учраас би нэг их тайлбарлаад хэрэггүй байх гэж бодож байна.

-Хууль зүйн талаасаа?

-2009 оны Өршөөлийн хуулиар бол надад хүчээр тулгасан 263 гэдэг зүйл заалт бол өршөөгдсөн учир ялтай, ялгүй асуудал алга болсон. 150.3 гэдэг бол 2015 оны хуулиар өршөөгдсөн учир хүчингүй болоод, ялтай ялгүй асуудал алга болчихсон. Тэр утгаараа өнөөдөр би ямар ч ялгүй. Тэгэхээр хуулийн хувьд бололцоотой. Энд улс төрийн зорилго байна. Энийг л болгож болохгүй. Энэ болчих юм бол аягүй бол сонгуульд орчихно. Сонгуульд орчихвол ганц хоёр хүн битгий хэл 10, 20 хүн санал өгчихнө. Аягүй бол 2012 оны сонгуульд үзүүлсэн амжилтаасаа энэ Энхбаяр толгойлсон нам нь илүү ч амжилт үзүүлж магадгүй. Бас ч манайх чинь нэлээн олон гишүүнтэй. Гишүүн болгон маань тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулаад, олон түмэнд танигдчихлаа. Өнөөдөр сонгогдох магадлалтай хүмүүсийн тоо нэмэгдчихлээ. Тийм учраас МАХН бас нэг их том алдаа гаргачихсангүй. Тийм учраас МАХН маань 2016 оны сонгуульд амжилттай оролцож магадгүй гэсэн тодорхой хүлээлт нийгэмд байна. Рейтингийн судалгаанууд ч харуулж байна. Энэнээс болоод энэ асуудлыг гацаахын тулд харамсалтай нь хууль хяналтын байгууллагууд манай хамгийн итгэлтэй тэр хүнийг маань ашиглаж, ийм ажил руу орж байгаад бид их харамсаж байгаа.