Нийгэм

О.САРАНЧУЛУУН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 'АХИЛЛИСЫН ХҮҮХДҮҮД' МАРАФОНД ГҮЙНЭ

Bolor Rose
2016-02-04 02:45

Эрүүл сэтгэлгээтэй, эрүүл бие бялдартай иргэн улсын хөгжлийн суурь байдгийг бүгд мэднэ. Хувь хүнийг ийм хэмжээнд зөв төлөвшүүлэхийн тулд багаас эхэлж анхаарвал илүү үр дүнтэй. Тиймээс хууль зүйн хэллэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэх нэршилд хамаарагдах хүүхдүүдэд зориулсан цогц хөтөлбөрийг “Ахиллис Монгол” олон улсын байгууллага хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар О.Саранчулуунаас тодрууллаа.

 -"Ахиллис Хүүхэд" хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэх болсон бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дасгал хийнэ гэхээр хүмүүс хэзээ ч энгийн төсөөллөөр хүлээж авдаггүй. Заавал эмч хүний тусламжтайгаар, сэргээн засах болон анагаах хандлагаар ойлгодог. Дасгал хөдөлгөөн гэхээс илүү шаардлагатай эм тариа, хүнс хоол буюу суурь хэрэгцээнд нь хэтэрхий их анхаардаг. Энэ нь хүүхдүүдийг бие дааж хөгжихөд саад болж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Гэтэл сүүлийн арван жилд хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй жирийн хүүхдүүд ч жингийн илүүдэлд орж нийгмийн анхаарлын төвд яригдаж эхэллээ. Дунд сургуулиудад хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, ялангуяа хүртээмжтэй спортын төрлөөр өөрийгөө хөгжүүлэх нэгдсэн бодлого үнэхээр дутагдаж байна. “Ахиллис Хүүхэд” хөтөлбөр тэр орон зайг бий болгох зорилготой үйл ажиллагаа юм.

Санаа нь хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийн бие даасан хөгжлийг дэмжихэд чиглэх юм байна гэж ойлгож болох уу?

-Болно. Хүүхдүүдийн өөртөө итгэлтэй байдал, тууштай зан чанарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан хөтөлбөр сургуулиудад хангалттай биш байгааг дахин онцолмоор байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх ойлголт, мэдлэг хомс учраас тэднийг гайхах, нийтийн өмнө өөрийгөө илэрхийлэх боломжийг нь илт үгүйсгэх, нийгмээс тусгаарлах байдлаар хүмүүс ханддаг нь нууц биш. Тухайн хүүхдийн бие махбодод илэрдэг ганц төрлийн эмгэгийг тэр хүний бүх зүйлтэй нь холбох, угаасаа чадахгүй, боломжгүй гэж өмнөөс нь дүгнэх хандлага нийтлэг тохиолддог. Энэ алдаатай дүгнэлтээ улам бататгаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын идэвхийг бууруулсан сургалт зарим газар оршсоор байна. Дурдаад байвал дуусахгүй. Тиймээс бид дээр дурдсан асуудлуудыг цогцоор нь шийдэх боломжтой, гадаадын улс оронд амжилттай хэрэгжсэн “Ахиллис Хүүхэд” спортын хөтөлбөрийг Монголд анх удаа нутагшуулахад бэлэн болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дасгал хөдөлгөөн, спортын хэрэгцээг тодорхойлж, тэдний бие бялдар, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийг нь дэмждэгээрээ давуу талтай. Хөтөлбөрийн нөхцөл шаардлага нь олон улсын энэ төрлийн хөтөлбөртэй ижилхэн стандарттай учир хүүхдүүдэд ойлгомжтой байдаг.

 -Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдээ сонгосон уу. Тэд яаж оролцох вэ?

-Бид энэ удаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургуультай хамтран ажиллахаар болсон. Тус сургуулийн 110 хүүхэд бүртгүүлсэн. Хөтөлбөрт зөвхөн тусгай хэрэгцээт гэлтгүй бүх хүүхдийг хамруулах боломжтой. Энэ бол маш энгийн. Мэдээж хэрэг мэргэжлийн эмч, нийгмийн ажилтан, эцэг эхийн хараа хяналтад дор тэд өөрсдийн бие бялдар, эрүүл мэндийн нөхцөл байдалд тохирсон янз бүрийн зайтай гүйлт, алхалтыг долоо хоног бүр хийж оноо цуглуулах ёстой. Зорилго тавьж хүрсэн зайдаа тодорхой хэмжээний шагналуудыг авах боломжтой. Энэ тал дээр BTF компани “Адидас Хүүхэд”, Reebok спортын брэндээрээ хамтран ажиллаж байгааг дуулгахдаа таатай байна. Мөн ямар ч хувь хүн, байгууллага дэмжиж байгаа хүүхдээ ивээн тэтгэх байдлаар урамшуулах бүрэн боломжтой. Бид оролцогч хүүхдүүдийн талаарх мэдээллийг эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр фэйсбүүк пэйж дэх зургийн цомгоор дамжуулан тогтмол мэдээлнэ.

Энэ хүүхдүүд хөтөлбөрийн сүүлийн гүйлтээ 6-р сарын 1-нд жирийн хүүхдүүдтэй хамт гүйцээж, шагналаа авна. Эх үрсийн баяраар “Багачуудын гүйлт” нэгдсэн арга хэмжээнд хүүхдээ оролцуулахыг мөн уриалж байна. Биеийн тамираар тууштай хичээллэж, хамгийн гол нь өөрт мэдэгдсэн эерэг өөрчлөлтүүдээ олон нийттэй хуваалцах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маш их урам зориг болж өгдөг. Эрүүл зан үйлийг амьдралдаа төлөвшүүлж, спортлог хүүхдүүдийн эгнээг тэлснээрээ тэд нийгэмд жинхэнэ үлгэр дуурайлал болж чадна.

Хөтөлбөрийн талаар сонирхсон хүмүүс хаана хандах вэ?

“Ахиллис Хүүхэд” хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 2-р сарын 5-ны баасан гарагийн 11.30 цагт Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургуулийн Урлагийн зааланд болно. Мэдээлэл авахыг хүссэн хүн бүрийг урьж байна. Мөн facebook.com/achillesinternationalmongolia фэйсбүүк пэйж, www.achillesmongolia.mn вэбсайт, 9903-9680 дугаарын утсаар холбогдож болно. Бид нээлтийн арга хэмжээний эвэнт зарласныг www.facebook.com/events/1499085937067819 хуудаснаас хараарай.