Улсын их хурал

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч, Гацууртын ордыг үлдээлээ

М.Энхмаа
2016-02-04 04:47

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Ноён уулыг тойрсон 11 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг :

"Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах асуудал Гацууртын ордыг ашиглах уу, үгүй юу гэсэн сонголтын өмнө биднийг аваачсан. Гишүүдийн зүгээс байгалийн тогтоцоор нь төрийн тусгай хамгаалалтад авъя гэсэн санал гарч байсан ч байнгын хороон дээр ярилцаад ЗГ-ын оруулж ирсэн байдлаар нь төрийн тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн.  Хуулийн төсөлд 11 мянган га газрыг байгалийн нөөцөөр, 450 га газрыг түүх дурсгалын байдлаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан. Үүн дотор Гацууртын орд төрийн тусгай хамгаалалтаас гадуур үлдэж байгаа юм." гэжээ.