Шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наар эцэслэнэ
Энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр УИХ-ын сонгууль явагдах товтой. Сонгуулийн нэгдсэн хууль өмнөхөөсөө ямар ялгаатай болсон, хэр зөв өөрчлөлт орж, бодит байдалд нийцсэний шалгуур тэр болно гэж улс төр судлаачид үзэж байна.
Юуны өмнө сонгогчдодоо тухай өдөр төр барих эрхээ эдлэхийн тулд ийш тийш нүүж суух, хөдөө гадаа явахаар бол ажлаа зохицуулахыг анхааруулж байна. Учир нь, гуравдугаар сард багтааж сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулах юм.
Улмаар дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсоох бол тавдугаар сарын 20-ноос бие даагч болон нам, эвслээс нэр дэвшигчийг бүртгэж эхэлнэ.
Сонгуулийн нэгдсэн хууль батлагдсанаар, сонгуулийн өдөр санал хураалтыг 07:00-22:00 цагт явуулах нь хоёр цагаар уртасгасан өөрчлөлт болов. Мөн санал хураах үйл явцыг автоматжуулсан тул урьдчилсан дүнг хоёр цагийн дараа гаргахаар тооцоолсон. Нэр дэвшигч хэн нэгэн гомдолтой байх аваас “но”-той байж болзошгүй зарим газарт гар тооллого хийж, гомдол саналыг барагдуулахаас гадна автомат тоолуурын машины “үнэнч” эсэхийг шалгаж баталгаажуулахаар хуульд заажээ.
Нэр дэвшигчдийн хувьд зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ албан ёсоор гардан авах боловч 11-ний өдөр сонгуулийн сурталчилгаагаа улс орон даяар эхлүүлнэ. Өмнөх сонгуулиар нэр дэвшигч үнэмлэхээ авмагц СЕХ-ны босгыг давж сурталчилгаагаа эхэлдэг байв. Түүнтэй харьцуулбал нэг дэвшил болсон байна. Нам эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг энэ удаад Үндэсний аудитын газраас тогтоож өгөхөөр болжээ.
2012 оны сонгуулиар СЕХ ийм босго тавьсан боловч хяналт сулаас мөнгөтэй нэг нь баруун солгойгүй “цацсан”. Өмнөх сонгуулиар УИХ-д 540, орон нутгийн ИТХ-д 2200 горилогч нэр дэвшигч байсан
бол энэ удаагийнхад түүнээс ч олон хүн нэр дэвших нь тодорхой юм. Түүний дээр тойрогт нэр дэвшигч, нам эвслийн нэрсээс гадна намын жагсаалтад магнайлах хүмүүсийн нэрийг сонгогчийн саналын хуудсанд бичих учраас нэлээд том овортой болох бололтой.
Хуульд заасанчлан бэлэн мөнгө тараах, хөнгөлөлттэй болон үнэгүйгээр төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, дайлж цайлах, гадаад дотоодод аялуулах, амралт сувилалд амраах зэргээр сонгогчдод ая тал засч, тэр нь баримттайгаар нотлогдсон бол нэр дэвшихээр горилогчийг буцаах эрх нь СЕХ-нд оногджээ.
Нөгөө талаар дээрх хуульд сонгуульд оролцох нам эвсэл, нэр дэвшигчдийнхээ 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүдийг багтаахаар заасан. Хэрэв энэ квотод хүргэхгүйгээр эмэгтэйчүүдийг “гадуурхсан” бол тухайн нам, эвслийн нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх бас нэг үндэслэл болно. Сонгуулийн тойргийн хувьд онцгой өөрчлөлт оруулаагүй, УИХ-ын 48 тойрогт олонхийн санал авах магадлалтай хүмүүс хүч үзэж, намуудаас азтай 28 нөхөр гулсаж гишүүн болох аж.
Орон нутгийн сонгуулиар сум бүр нэг тойрог, аймгийн төвийн баг болгон бас нэг тойрогт тооцож, санал хураалтыг явуулахаар болжээ. УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 17-ноос 19-ний өдөр хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд явагдах бол 28-ны өдөр хэвтрийн өвчтэй, өндөр настан зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн саналыг зөөврийн хайрцгаар авахаар болсон байна.
Ирэх сонгуулиар хандивын мөнгөний босгыг өндөрсгөж, иргэн гурван сая, компани 15 сая хүртэл төгрөгийн өглөг өгөх боломжийг хуулиар олгожээ.
Сонгуулийн шинэчилсэн хуулийн 77.7-д зориулалтын зарлалын самбар, нийтийн эзэмшлийн хашаа хайс, гэрлийн шонд нэр дэвшигч, нам эвслийн сонгуулийн сурталчилгааг үнэ төлбөргүй байрлуулж болохоор заажээ. Мөн “...эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид байршлыг тогтооно” гэжээ.