Ц.Элбэгдорж: Төвийг сахих гэдэг нь Монголын уламжлалт бодлого
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцлаа.
Уг нэвтрүүлэгт УИХ, Засгийн газрын зарим гишүүд, ГХЯ, Гадаад хэргийн үе үеийн сайд нар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний тагнуулын академи, Стратеги судалгааны хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг батлан хамгаалах, гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, олон улс, стратеги судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид уригдан оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын асуудлаар тайлбарлан ярихын зэрэгцээ нэвтрүүлгийн хөтлөгчид болон оролцогчдын асуултад хариулсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Та бүхний түмэн амгаланг айлтгая. УИХ-д Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл өргөн бариад байна. Хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй. Гурван хуудсанд багтсан маш товчхон хуулийн төсөл байгаа юм. Үүнийг www.president.mn сайтын “Хуулийн төсөл” гэсэн хэсгээс харж, судлаачид, оюутнууд, мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс, иргэд үзэх боломжтой.
Энэ хуулийн төслөөр тодорхой хүрээнүүдийг зохицуулж үзсэн. Эндээс гуравхан зүйлийг гаргаж хэлье. “Энэ хуулийн үндсэн зохицуулалт бол байнга төвийг сахих гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ” гэсэн үндсэн томъёололтой. Нэг үгээр хэлбэл, дайн мөргөлдөөн болох юм бол газар нутгаа дайн мөргөлдөөний талбар болгохгүй, түүнд ашиглуулахгүй. Энхийн цагт энх тайвны бодлогоо явуулна. Тууштай үргэлжлүүлнэ. Ямар нэг дайн, тулаанд бэлтгэсэн цэргийн эвсэл, холбоо, үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн ийм л гол санаа байгаа юм.
Хуулийн төслийн эхэнд нэг чухал санааг зааж өгсөн. Энэ бол зөвхөн энэ хүрээнд л яригдах сэдэв. Монгол Улс байнга төвийг сахих харилцаа нь тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаанд хамаарахгүй.
Гадаад улс орон, бусад газраас сонирхдог өөр нэг зүйл бол хэрэв бид олон улсын гэрээгээр харилцаагаа зохицуулсан байх юм бол олон улсын гэрээгээ баримтална. Манай Үндсэн хуульд ч тийм заалт бий. Хоёр орны хооронд байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээгээ л баримтална. Олон улсын гэрээгээ баримтална гэсэн тодорхой зохицуулалттай, Монголын үндэсний эрх ашигт нийцсэн, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлоготой нийцсэн ийм хууль байх юм. Тогтсон стандарт байдаг. Үүнийг л оруулж хэлэлцүүлэх гэж байгаа юм.
Хөтлөгч Баасандамба: -Хууль батлуулах шалтгаанаа та сая тайлбарлалаа. Ийм статустай болох гэж байна гэдгээ бид дэлхий дахинд нээлттэй зарлах гэж байгаагийн ач холбогдол юу вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Одоо заавал зарлах хэрэгтэй юү, ямар шаардлага байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Түүнд энгийн тайлбар өгье. Өнөөдөр Монгол Улсын олон улсын нэр хүнд, бидний явуулж байгаа бодлого олон талын дэмжлэг хүлээж байгаа. Хоёр хөрш, бүс нутагтаа явуулж байгаа харилцаагаа авч үзэх юм бол хамгийн сайн түвшиндээ байгаа.
Монгол Улс ямар нэг олон улсын шинж чанартай маргаан, хэлэлцүүлэг, мөргөлдөөнд татагдан ороогүй байна. Тэгэхээр энэ боломж дээр тулгуурлаж энэ бодлогыг зарлах хамгийн сайн цаг үе нь энэ цаг үе юм гэж дүгнэсэн. Энэ бол нэг хүний санаачилга биш.
Бүр түүхийн үеэс авч үзэх юм бол монголчууд ийм бодлого баримтлахыг хичээдэг байсан. Дүн ноён нуруутай, тогтвортой бодлого л гэсэн үг шүү дээ. Шинэ нөхцөл байдалд ч гэсэн бид энэ бодлогоо авч явж байгаа. Манай олон талт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын бодит үргэлжлэл юм гэж авч үзэх ёстой.
Хөтлөгч Ганбаяр: -Монгол Улс байнга төвийг сахих статусыг зарлахдаа цаг хугацаанаас гадна нэлээд өргөн хүрээнд тайлбарладаг нь харагдаж байна. Жишээ нь, нийгмийн сүлжээнд, академик хүрээнд ч гэсэн хэт өргөн асуудлуудтай хамааруулж ойлгох байдал харагдаж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Байнга төвийг сахих бодлогын бас нэг сайн тал нь тухайн бодлогыг зарлаж байгаа улс орон тэр бодлогоо тайлбарладаг. Ямар нэг байдал дээр ямар нэг асуудал үүсэхэд Монгол Улс буюу эзэн улсын тайлбараар л явдаг. Олон улсын харилцаанд төвийг сахина гэж яг үүнийг хэлнэ гэж хатуу тулгасан юм уу, журамласан зүйл байхгүй. Тэнгис, далайд байлдаан явуулахад төвийг сахисан орон ямар зарчим баримтлах вэ. Хуурай газрын дайн, байлдаан, мөргөлдөөний үед ямар зарчим баримтлах вэ гэсэн Гаагийн конвенц гэж 1907 онд гарсан олон улсын барим бичиг бий. Тэнд тодорхой зарчмуудыг зааж өгсөн байдаг.
Ийгл телевиз "Онцлох сэдэв" хэмээх шинэ нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн эхний дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Өнөөдөр 20:30 цагаас хүлээн авч үзээрэй
Posted by Eagle News on Thursday, February 4, 2016
Өмнөх зуунд төвийг сахих бодлогыг хэрэгжүүлж байсан орнууд тодорхой хэмжээгээр бодлогоо хэрэгжүүлж, тайлбарлаж явсан. Орчин үед Монгол Улс үүнийг яаж баяжуулж, өөрийнхөө эрх ашигт хэрхэн нийцүүлж авч явах гэсэн асуудал байгаа. Үүнийг эзэн орон тайлбарладаг. Тухайлбал, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа нь манай энэ бодлоготой нийцэж байна уу гэвэл “Нийцэж байгаа. Энхтайвныг сахиулах үйл ажиллагаанд бид оролцоно. Энэ бодлоготой шууд уялдаж байгаа. Энэ бодлого бол энэ дотор багтаж байгаа” гээд л тайлбарлахад бусад нь гарч ирээд “Энэ буруу, энэ тийм бодлого биш” гэж хэлээд манай бодлогыг зогсоох ямар ч шаардлага байхгүй. Хоёр талын уламжлалт батлан хамгаалах бодлогод энэ бодлого нийцэж байна уу гэхэд бидний УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл дээр “Хоёр талын уламжлалт батлан хамгаалах харилцаанд энэ бодлого нөлөөлөхгүй” гээд байж байгаа. Бид аль нэг улстай дайн өдүүлэх зорилгоор батлан хамгаалах салбараа хөгжүүлж байгаа биш, хэрэв гаднаас ямар нэг зэвсэгт халдлага болбол бид өөрсдийгөө хамгаална гэсэн ийм л хуулийн томъёолол байдаг. Бусадтай дайсагналцахгүй, бүхэнтэй энх тайванч, найрамдалт харилцаагаа хөгжүүлнэ гэдэг зарчмаа л олон улстай тогтоогоод яваад ирсэн сайн үйл ажиллагаа, үлгэр жишээ, сургамжтайгаа Монгол Улс уялдуулж өгч байгаа юм. Энэ талаараа Монгол Улсын эрх ашигнай их нийцсэн бодлого гэж харж байгаа.
Хөтлөгч Ганбаяр: -Энэ бол эдийн засаг, худалдаа зэрэг харилцаатай хамаарахгүй юм байна. Тэгвэл цаг хугацааны ямар нэг хязгаарлалт, хүчин зүйл байх уу. Жишээлбэл, зөвхөн дайн, зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэнэ ч гэдэг юм уу. Байнга гэдэг үгийн агуулгыг юу гэж тодорхойлох вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Төвийг сахих бодлого гэдгийн өмнө байнга гэж хэлээд байгаа. Тэр нь байнга, тууштай, хувиршгүй гэсэн утгатай. Монгол Улс байнга гэдгийг яаж харж байна вэ гэвэл бидний бодлого тогтвортой байх юм. Биднийг шүүмжилдэг улс байдаг. Танай бодлого тогтворгүй байна. Савлаж байна гэдэг. Тэгэхээр энгийн хэллэгээр бол улааныг харж урвахгүй, шарыг харж шарвахгүй. Бид энэ бодлого дээрээ тогтвортой байна л гэсэн үг. Байнга гэдгийн цаана тууштай байна. Байнга гэдгийн цаана энэ бодлогоо бид өргөжүүлж, идэвхтэй ажиллана гэсэн санаа бий.
Магадгүй, зарим хүмүүсийн хэлдгээр байнга гэдэг үг төвийг сахих гэдэг үгийн өмнө байхгүй ч байж болно. Байнга, идэвхтэй гэдэг зарчим хуулин дотроо тусчихсан байхад болох юм гэж манай зарим гишүүд, судлаачид хэлж байгаа. Үүнийг хүлээж авахад бэлэн. Тиймээс бүгдээрээ ярилцаад, аль болох монголчуудын эрх ашигт нийцэж байгаа, олуулаа санаа бодол нь нэгдэж байгаа тэр томъёоллоор ярилцаж, бодлогоо томъёолж, хуульчлах нь чөлөөтэй. Ийм боломжтой.
Хөтлөгч Баасандамба: -Тухайн нөхцөл байдалдаа нийцүүлээд Монгол Улс өөрөө тайлбарлах боломжийг энэ статус олгож байгаа гэж та сая хэллээ. Өөрөөр хэлбэл, энэ статусаа яаж ашиглах нь биднээс шалтгаална гэсэн үг үү?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Өнгөрсөн зуунд хүйтэн дайн гэж 1990-ээд он хүртэл үргэлжилсэн хоёр системийн өрсөлдөөн байлаа. Тэр үед явуулах бодлого нь тэр хоёр системийнхээ аль талд ойрхон байна. Алинд нь орж байна гэдгээрээ их тодорхой байсан. Хүйтэн дайн дуусаад тодорхой харилцаанууд явж эхэлсэн. Одоо бол хүйтэн дайны дараачийн нөхцөл байдал үүсч байгаа. Дэлхийн олон улс, биднийг тойрсон манай бүс нутгийн улсууд ч гэсэн гадаад бодлого, стратеги, аюулгүй байдлынхаа бодлогыг шинээр томъёолж байна. Манай хөршүүд ч тэгж томъёолж байна, бүс нутгийн улс орнууд ч тэгж томъёолж байна. Болзошгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд бид ямар байр суурьтай байх вэ гэдгээ урьдчилж томъёолж байгаа юм. Үүнээс Монгол Улс хоцорч болохгүй. Энэ дотроос хамгийн барьж авах боломжтой, тэгээд уламжлалт олон тулгуурт энхийг сахисан бодлогын бодит үргэлжлэл болж гарч ирж байгаа бодого бол энэ төвийг сахих бодлого байгаа юм.
Нөхцөл байдал ер нь өөрчлөгдөж байна. Цаашдаа ч өөрчлөгдөнө. Бас нэг айхтар зүйл бол зөвхөн улс орнууд олон улсын бодлогын үйл ажиллагааг, олон улсын дэг журмыг өөрчлөх, эвдэх нөхцөлд ордоггүй юм байна. Бүр улсын биш, төрийн биш тоглогчид гарч ирж байна. Ойрхи дорнодод байна. Бусад газруудад байгаа халуун цэгүүд байна. Тэгэхээр энэ бодлогоо урьдчилаад, тодорхойлоод, олон нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, ийм бодлоготой байж байх нь аливаа улс оронд хэрэгтэй юм байна.
Зарим хүмүүс шаарддаг юм. Үүнийг гэнэт гаргаж ирсэн. Ямар тайлбар, ямар тулгалт ирсэн юм бэ гэдэг. Ямар ч тулгалт ирээгүй. Ямар ч тайлбарлах шаардлага гараагүй. Гэхдээ бас тайлбарлах үе гарч ирдэг. Өмнө нь Ойрхи дорнод зэрэгт дайн гарахад та нар аль талд нь байгаа юм ч гэдэг юм уу. Танайх ямар байр суурьтай юм бэ гэдэг ч юм уу. Ийм асуудал гардаг. Эндээс нэг дүгнэлт хийх гээд байгаа юм.
Манай хүмүүс, судлаачид, шүүмжлэгчдийн зүгээс гарч байгаа нэг санал бол “За бусад орон юу гэж үзэх бол. Манай хөрш орнууд юу гэж үзэх вэ” гэсэн ийм асуулт их гаргаж ирдэг. Тэгэхээр эхлээд Монголыг бодож ярь. Энэ Монголд хэрэгтэй бодлого уу, үгүй юү. Монгол гэдэг талаасаа асуудлыг хар. Үнэхээр Монголд хэрэгтэй, Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа зөв бодлого, Монголын эрх ашигт нийцэж байгаа бол энэ бодлогоо хэрэгжүүлье.
Төвийг сахих бодлоготой болно гэдэг бол тэр зарчмыг тунхаглахыг хэлж байгаа юм. Бодлоготой болно гэдэг бол өөрийн толгойтой болохыг хэлж байгаа юм. Хүнийг дагаад намираад байхгүй л гэсэн үг шүү дээ. Монгол Улсын эзэн бол Монголын ард түмэн. Монгол хүмүүс өөрсдөө байгаа юм. Энэ бодлогыг томъёолж гаргаж ирдэг хүмүүс нь Монголын төр байгаа юм. Тийм учраас Монгол Улс бодлоготой байгаа юм байна. Монгол Улс өөрийн гэсэн толгойтой байгаа юм байна. Монгол Улс энэ бодлогоо тууштай, тогтвортой хэрэгжүүлэх юм байна гэдэг бол олон улс оронд, бусад улсуудад өгч байгаа маш сайн томъёолол, мессеж гэж ойлгож болно. Нөгөө талаасаа энэ бол манай хоёр хөршийн эрх ашигт асар их сайн нийцэж байгаа юм. Хөрш орнууд нь найрсаг харилцаатай, ойлгомжтой, тогвортой, энхтайван байвал аливаа улс орон дуртай байдаг. Ийм л улс байя гэж бид үзэж байна.
Мөн хоёр хөрштэйгээ бидний байгуулсан, бидний харилцааны үндэс суурь болсон баримт бичгүүд бий. ОХУ-тай бид 1993 онд Найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хүйтэн дайны дараа дэлхийд шинэ дэг журам бий болох үеэр хойд хөрштэйгээ бид уг баримт бичигт гарын үсэг зурж, харилцаагаа тодорхойлсон. Тэрхүү баримт бичигт уг үзэл санаа байдаг. Гадаадын цэргийн баазыг Монголд байгуулахгүй, нөгөө талаас Монголын хил хязгаарын дархан байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ, Монгол Улсын сонгож авсан замыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Мөн 1994 онд БНХАУ-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнд дээрх заалт үг үсгээрээ байгаа юм. Тэгэхээр эдгээр заалтуудын үг үсэг, үзэл санаанд яв цав нийцсэн бодлого юм.
Олон хүнтэй уулзаж байхад зарим нь “Энэ их ойлгомжтой бодлого байна. Танай энэхүү бодлого бүс нутгийн энхтайван, аюулгүй байдал, зөвшилцөлд хувь нэмрээ оруулах юм байна” гэж хэлдэг. Тухайлбал, бүс нутаг, олон улсын түвшинд ингэж дүгнэх хандлага илүүтэй байна.
Хөтлөгч Баасандамба: -За ингээд нээлттэй микрофоныг та бүхний дунд ажиллуулна. Та бүхэн хоёр минутын хугацаанд сонирхсон асуултаа тавина уу?
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн профессор Н.Алтанцэцэг: -Би Шинжлэх ухааны академид 20-иод жил ажиллан, гадаад харилцааны бодлого судлалын чиглэлээр багшилж ирсэн хүн байна. Та бүхэнтэй санал нэг байна. Монголын гадаад бодлого нь тодорхой томъёлол, нэршилгүй яваад байдаг юм гэсэн бодол төрдөг. Гадаад бодлогод дүн шинжилгээ, анализ хийх, гадаад бодлогын талаар шийдвэр гаргах механизм, зарчим гэж ойлголтууд байдаг. Тэгэхээр Монгол Улсад гадаад бодлогын шийдвэр гаргах механизм чухам ямар үе шаттайгаар, хэрхэн явагддаг юм бэ? Бид оюутнуудад энэ чиглэлээр хичээл заадаг учраас мэдэх гэсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гадаад харицааны чиглэлээр тодорхой тогтвортой бодлоготой байх нь зөв гэсэн санааг би дэмждэг. Манайхан ярьдаг шүү дээ “Өөх ч биш, булчирхай ч биш байснаас тодорхой, тогтвортой бодлоготой байсан нь дээр” гэж.
Гадаад бодлогыг тодорхойлж гаргадаг үйл явц ямар журмаар явдгийг бид бүгд мэднэ. Үүний хамгийн гол суурь нь бидний уламжлал юм. Бид ямар ч үед уламжлалт гадаад бодлогынхоо зарчмыг хадгалж явдаг.
Ямар ч Засгийн газрын үед манай уламжлалт гадаад бодлогын зарчим хадгалагдана гэсэн мэдэгдлийг бид үргэлж хийж харилцах талуудад ойлгуулдаг. Нөгөө талаас энэхүү бодлогыг ямар журмаар хэрэгжүүлэх тухай суурь баримт бичгүүд бий. Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд маш тодорхой заасан байдаг. Эдгээр суурь баримт бичгүүдээс гадаад бодлого урган гардаг. Аливаа бодлого хэлэлцүүлэхэд эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулж, тэдний санаа бодлоор баяжуулах нь чухал. Ийм гурван хүрээгээр авч үзвэл илүү ойлгомжтой болох байх.
Хөтлөгч Ганбаяр: -Та энэхүү бодлогыг анх танилцуулж байхдаа төвийг сахих статус нь Монголын тусгаар тогтнолын нэгэн баталгаа болно хэмээн хэлж байсан. Үүний итгэл, үндэслэлүүд нь юу вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын иргэн бүхэн улс орныхоо аюулгүй байдлын тал дээр санаа зовдог. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хэрхэн улам баталгаажуулан бэхжүүлэх вэ хэмээн бид бүгд бодож явдаг. Тэгэхээр миний итгэл үнэмшлийн дагуу, улс төр, шийдвэр гаргах түвшинд чамгүй удаан хугацаанд ажилласан хүний хувьд энэ төвийг сахих бодлого нь төдийлөн шинэ зүйл биш юм. Өмнө нь Ерөнхий сайдаар болон бусад хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан хүмүүстэй би олонтаа ярилцаж байсан. Тэдгээр хүмүүс “Энэ статусыг бүр 1990-ээд оны үед л зарлачих байсан юм. Тэр үеэс л эхлэх байсан юм. Одоо харин ч зөв шийдвэр гарлаа” хэмээдэг.
Хөтлөгч Баасандамба: -Монголчууд бид бүс нутагтаа идэвхитэй тоглогч болох амбиц, зорилготой байдаг. Энэ статус бидний зорилгод түлхэц өгч чадах уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төвийг сахих статустай улс орнууд тийм ч олон биш. Тийм бодлого явуулж буй улс орнуудын бодлогыг манай судлаачид шинжлэн энэ бодлогыг гаргаж ирсэн. Энэ бодлого Монгол Улсад нийцтэй гэж би хувьдаа харж байгаа. Гадаад бодлого нь Монголын нэр төрийн жин юм. Энэ хэмжүүрийг олон улсад нэмэх боломж бий. Монгол нээлттэй гадаад бодлого баримталдаг, нээлттэй нийгэм байгуулж байгаа. Төвийг сахиж буй улс орнуудыг аваад үзэхэд нэгдмэл, захиргаадалтын ч гэх юм уу улс орон ч байна. Тийм бодлогтой байж тухайн улс орондоо 20 гаруй олон улсын байгууллагыг байгуулаад ирж очоод байж байгаа улс ч байна.
Харин манай улсыг аваад үзвэл Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг ярьж байгаагаас өөрцгүй. Өөр Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байхгүй.
Тэгэхээр Монгол нь бүс нутагтаа энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоороо, энэ бодлогоо тууштай баримтална гэсэн үзэл санаагаараа бүс нутагтаа идэвхитэй сайн оролцогч болох боломжтой.
Бельгийн нийслэл Брюссель хотыг бид мэднэ. Энд НҮБ, НАТО гэх мэт байгууллагын ажилтнууд болох гадаадын 100-аад мянган хүн амьдардаг шүү дээ. Үүн дээрээс гэр бүлийн гишүүдийг оролцуулбал 300 мянга гардаг. Дээрээс нь тус байгууллагуудын үйл ажиллагаанд оролцохын тулд гадаадын зочид төлөөлөгчид олноороо ирнэ шүү дээ. Энэ нь нэг ёсны сайн хөрөнгө оруулалт болж хувирдаг. Газраа ухна ухахгүй гэж хэрэлдэхийн оронд энэ аргаар улс орныхоо нэр хүндийг өргөж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явбал сайн. Мөн НҮБ-ын салбар орших Женев хотыг жишээ татаж болно. Тайланд нь мөн олон улсын байгууллагуудын Ази дахь төв нь болдог. Мөн Африк тивд Кенийн Найроби хот байна. Вена хотод НҮБ, цөмийн чиглэлийн байгууллагууд, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэх мэт оршдог.
Тэгэхээр Монгол нь бүс нутагтаа олон улсын харилцаа, зуучлалын төв болох бүрэн боломжтой. Байгаль орчин, ус гэх мэт олон чухал асуудлууд дэлхий нийтийн өмнө тулгамдаж байна. Монголчууд энэ статусыг зарлаад сайн үйлс болгон авч үлдэх боломж байна. Энэ боломж манай ард түмэнд, судлаач эрдэмтэд, төрийн бодлого тодорхойлдог хүмүүст бий. Бид зөвхөн энэ боломжийг өгөх үүд хаалгыг нь нээх хэрэгтэй байна.
Хөтлөгч Ганбаяр: -Олон улсын гадаад харилцаа нь болгоомжтой хандахгүй бол их эмзэг асуудал. Япон, Умард Солонгосын хооронд асуудал бий. Энэ асуудлыг хэлэлцэхээр Улаанбаатар хотод уулзалт зохион байгуулж байсан. Хэрэв төвийг сахих статусыг батлаад, мөрдөөд явах юм бол олон улсын байгууллагаас гадна бүс нутгийн ээдрээтэй харилцаатай улс орнуудад байнга уулзах боломжийг нь нээнэ гэж ойлгож болох уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -“Зан сайтай айлд хүн олон, замаг сайтай усанд загас олон” гэж бид ярьдаг. Тэгэхээр бид төвийг сахих бодлоготой болно гэдэг нь хамгийн энгийн ойлголтоор найрсаг улс болж байгаа юм. Аливаа ээдрээтэй асуудал, улс хоорондын маргаанаа Монголд ирж ярилцдаг болно. Энэ бодлогыг зөв юм байна гэж харуулах нэгэн томоохон үйл явдал бол удахгүй болох АСЕМ-ийн чуулган байна. Европ, Ази хэмээх энэ хоёр том тивийн удирдагчид ирэх долдугаар сард Улаанбаатарт чуулах гэж байна. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа улсын хувьд Монголд гишүүн орнуудаас гадна чухам ямар улс орныг урих вэ, ямар яриа хэлэлцээр өрнүүлэх вэ гэж яригдаж байна. Юуны түрүүнд энэ уулзалтыг зохион байгуулах дэд бүтцээ бий болгох хэрэгтэй.
Умард Солонгосын талаарх зургаан талт хэлэлцээр гээд л ярьдаг. Энэ асуудлыг Монголд ярилцаад шийдэж гэнэ гээд л ярилцдаг. Энэ бол зөвхөн эхлэл, бидний хүрэх зүйлийн захын жишээ юм. Манай УИХ, Засгийн газарт ч гэсэн энэ жил Монголд олон улсын ямар хурал зохион байгуулах вэ, олон улсын ямар маргааныг зуучлах вэ гэх мэт асуудлыг ярилцаж болох юм. Иймэрхүү сонирхлууд гарч ирнэ. Энэ байгууллагуудад бид хандаж, хүсэлт тавибал яасан юм. Мал аж ахуйн байгууллага, хорио цээрийн байгууллагын салбарыг Монголд үүсгэн байгуулбал яасан юм гэх мэт санаачилга гарч болно. Сонгуулийн ажиглагч бэлддэг төвийг Монголд байгуулбал яасан юм, авлигатай тэмцдэг олон улсын сүлжээний төвийг Монголд байгуулбал яасан юм гэх мэт санаа гарна. Энэ боломжийг бид сайн ашиглаж чадна.
Төвийг сахих бодлого нь янз бүрээр ойлгогдож ирсэн. Энэ шинэ зуунд монголчууд бид өөрийн хэрэгцээнд энэ бодлогоо ашиглаж чадах уу үгүй юу гэх мэт зүйлд эргэлзээд байгаа хүмүүст чадна гэдгээ л бид харуулах хэрэгтэй. Төвийг сахих бодлогын хамгийн гол нь бид өөртөө итгэх хэрэгтэй. Монгол Улсыг бидний өмнөөс хэн ч хөгжүүлэхгүй. Тийм учраас бид өөртөө итгээд энэ эдийн засгийн чадавхийг бий болгож чадна. Зарим хүмүүс “Энэ төвийг сахих бодлогод чинь эдийн засгийн чадавхи хэрэгтэй шүү дээ” гэж хэлдэг. Төвийг сахих статустай олон орнууд тэр эдийн засгийн чадавхиа олон зуун жилийн турш бий болгосон.
Тэгэхээр бид нар өөрсдөдөө итгэхгүй, хүнээс хараат юм шиг суугаад байж болохгүй. Бид өөрсдөдөө итгээд энэ бүхнийг босгож чадна. Энэ статусыг зарласнаар эдийн засгийн чадавхиа босгож ирэх боломжтой болж байгаа юм. Ийм өргөн хүрээнд харж болно.
Хөтлөгч Баасандамба: -Энэхүү бодлогын давуу талыг та сая түлхүү ярилаа. За тэгэхээр энэ бодлогод итгэж үзье. Гэхдээ энэ бодлогын улмаас Монголд учирч болзошгүй эрсдлийг тооцож үзсэн үү?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид төвийг сахих бодлогын талаар ярилцаж, судалгаа хийж байхад эрсдэл гээд 20, 30-аад зүйл жагсааж байсан. Нийт дүнгээ харахад 90 гаруй хувь нь эрсдэлгүй гэж дүгнэсэн. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Эрсдэл гэхээсээ илүү болгоомжлох ёстой зүйлүүд байж болох талтай. Тиймээс бид энэхүү бодлогоо улам бүр чамбай томъёолох, энэ бодлого дээрээ тууштай байх, дотроо харилцан ойлголцох хэрэгтэй юм. Ардчиллыг зарим хүн буруу талаас нь ойлгодог. Заавал хагаралдаж, хэдэн талаас нь шийддэг биш, зарим асуудлыг бид нэгдэж шийдэх ёстой. “Монголчууд нэг ийм бодлого ярилцаж байгаад дотроо шийдэж чадахгүй хагараад зогссон юм гэнэ лээ” гэж хүнээр тавлуулаад сууж байх хэрэггүй шүү дээ. Энэ бодлого үнэхээр Монголын эрх ашигт нийцтэй юм байна, энэ нь уламжлалт бодлогоос урган гарч байгаа, бид энэ бодлогыг нэр төртэй аваад явж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил та бүхэнд байгаа л бол хэрэгжүүлээд явах хэрэгтэй.
Монголын бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийн хамгийн гол хамгаалагч, хэрэгсэл нь энэхүү бодлоготой уялдах байх гэж боддог. Энэ бодлого нь өөрөө өөртөө итгэхийг л хэлж байгаа юм.
Хөтлөгч Ганбаяр: -Энд олон улсын харилцааны судлаачид хүрэлцэн ирсэн. Эдгээр хүмүүсийн асуултуудыг багцлаад асууя. Юуны түрүүнд батлан хамгаалах салбарын асуултууд байна. Монголоос Ирак, Афганистанд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцдог. ОХУ-аас саяхан манайд зэр зэвсгийн тусламж үзүүлсэн. Энэ салбарын харилцаанд төвийг сахих статус ямар нөлөө үзүүлэх вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Бидний хууль гаргах гээд байгаа санаа энд байгаа. Энэ бодлогоо хуулиар томъёлчихъё. Жишээлбэл, энэ хуульд “Уламжлалт батлан хамгаалах харилцаанд нөлөөлөхгүй” гэж тусгаж өгч байгаа. Мөн бид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Төвийг сахих энэ бодлогын талаар гадаад харилцааг төлөөлөх байгууллагын хувьд Гадаад харилцааны яам тайлбар өгнө. Цаашилбал Засгийн газраас, бүр Үндэсний аюулгүйн зөвлөлөөс тайлбар өгнө. Эдгээр механизмуудыг тогтоож өгч байгаагаараа хамгийн чухал юм. Тэгээд бид нар авч үзээд энэ нь манай бодлогод нийцэж байна гэдгийг тодорхойлно.
Европт нэг ийм нөхцөл байдал үүсч байсан. АНУ-аас Европын нэг улсад цэргийн ажиллагаа явуулах хэрэгтэй болоод төвийг сахих бодлоготой нэг улсаас “Танай нутаг дээгүүр цэргийн онгоц нисгэе. Цэргийн ажиллагаа явуулах шаардлагатай байна” хэмээн асуусан байдаг. Гэтэл “үгүй” гэж хариулсан. Тэгээд өөр нэг улсаас мөн хүсэлтийг тавьтал зөвшөөрсөн байдаг. Энэ бол тухайн орны шийдвэрийн асуудал. Учир нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрсөн учраас нутаг дэвсгэр дээрээ цэргийн нисэх онгоц явуулахыг зөвшөөрсөн. Үүнийг зөвшөөрөөгүй улсын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс татгалзсан гэсэн үг. Ийм энгийн ойлголт байгаа. Тэгэхээр тухайн улс орны зүгээс хэлж байгаа үндэслэл маш чухал.
Өөр нэг чухал зүйл байна. Энэ хуулийн төсөл дээр маш тодорхой заасан. Монгол Улсын хүрээнд Монголын хуулийг барина. Бид гэртээ гэрийнхээ хуулийн дагуу амьдарна. Гэрээсээ гарвал НҮБ-ын дүрмээр явна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс шийдвэр гаргаж байгаа бол Монгол дэмжинэ. Дээрээс нь нэг зүйлийг маш тодорхой заасан. Манай байгуулсан олон улсын гэрээг энэ хуулиас илүүтэй дагаж мөрдөнө. Ингэж тайлбарласан. Тэгэхээр энд болохгүй зүйл огт байхгүй. Төвийг сахина гэдэг бол батлан хамгаалах салбар нь сул биш, хүчтэй байхыг хэлж байгаа. Монгол Улс өөрийгөө хамгаалах сайн чадавхитай болохыг хэлж байгаа. Ийм чадавхи хэрэгтэй байна уу, үгүй юү, хэн нэгнээс тусламж дэмжлэг авах ёстой. Энэ хэрэгтэй шүү дээ гэж учирладаг улсууд бий. Монгол Улсын хувьд өөрийгөө батлан хамгаалах үйл ажиллагаандаа зохицуулж тусламж дэмжлэг авах нь бол чөлөөтэй. Харин ч энэ боломжийг улам бүр өргөжүүлэх боломж байгаа. Бид энэ талаас нь харж байгаа. Тийм учраас тухайн улс орныг төлөөлсөн байгууллагуудын тайлбар, Монголын өөрийн гаргасан хууль тогтоомж чухал юм. Мөн хоёр талын байгуулсан олон улсын гэрээ маш чухал. Түүнийг дагаж мөрдөх хэрэгтэй.
Судлаач Баясах: -Би энэ бодлогыг дэмжиж байгаа. Би гуч гаруй жил их дээд сургуульд багшилж, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан олон мянган шавьтай хүн. Түрүүч нь элчин сайд болсон байх жишээтэй. Үе үеийн оюутнууд Монгол шиг улс ямар гадаад бодлоготой байх хэрэгтэй вэ гэж асуудаг. Жижиг улс бол либераль бодлоготой байх ёстой гэж би нэг хэсэг ярьдаг, номлодог байлаа. Дараа нь прагматик байх ёстой гэж үзээд бодоод байтал арай биш юм. Гадаад яамныхан үүнд тодорхой хариу өгч чаддаггүй байсан. Гадаад яамныхныг муу гэж байгаа юм биш, Монголд ганц тогтвортой явж байгаа бодлого бол гадаад бодлого байдаг. Дандаа амжилтаас амжилт руу явж байдаг.
Манай өвөг дээдэс их ухаантай байж, ХХ зууны том том сэхээтнүүдээс Швейцарь лугаа хөгжинө гээд хэлсэн улс байдаг. Тэр 1993,1994 онд ОХУ, БНХАУ-тай байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээ бол дандаа л тогтвортой байя, найрамдалтай байя гэж хийгдсэн байдаг, түүний үргэлжлэл юм. Энэ бодлого зөв гэдэг ярилцлага Ройтерсээр гарсан байгаа. Хятадын хэвлэлд харагдаж байна. Youtube.com сайтад тавигдсан байгаа. Одоо нэг зүйл хийх гэж байна. Бараг миний байгуулсан Олон улсын харилцааны сургууль дээр энэ төвийг сахих бодлогын талаар хурал хийж ярилцах гэж байна. Дараа нь 6 дугаар сард КАС-тай хамтарч олон улсын хурал хийхээр ярьж байна. Сургууль, олон улс судлалын хүрээлэн төсөл боловсруулаад өгсөн одоо танд хүрч байгаа байх, замдаа явж байгаа гэж сонссон. Осакогийн их сургууль намайг Иран болон Монгол Улсын талаар болон Монголын аюулгүй байдлын талаар олон улсын гэрээ, хэлэлцээ хэрхэн хийх вэ гэсэн номын зохиогчоор оролцоно уу гэж урьсан, би “За” гэсэн.
Биднийг Евро-Азийн гол тоглогчдын нэг гэж үзэж байгаа. Солонгосын хойгийн асуудлаар гаргасан Улаанбаатарын санаачилгыг хамгийн сайн болсон санаачилга гэж үзэж байгаа. Зургаан талт уулзалт хэлэлцээ зогссон. Энэ уулзалтыг Монгол Улсад хийвэл тэдгээр улсууд бүгд зөвшөөрнө. Үүнийгээ үргэлжлүүлээч ээ. Хоёр Солонгос нэгдлээ гэхэд Германы загвар дээр биш, харин Монголын туршлага дээр суурилаад хийгээч гэдэг ийм яриа өрнөж байна. Монголын дуу хоолой дэлхийд хүрдэг болсон. Хуучин Москвагийн үгээр явдаг байсан, больсон. Хүйтэн дайнаас хойш тусгаар улс гэдгээ мэдрүүлээд их идэвхтэй сайн гадаад бодлоготой болсон. Бүс нутгийн 18 их сургууль, академ нийлсэн хамтын ажиллагааны их том хурал болно. Тус хурлыг та ивээл дороо авч дэмжлэг үзүүлэхийг хүсч байна, баярлалаа.
УИХ-ын гишүүн С.Оюун: -Баярлалаа сонирхолтой ярилцлага өрнүүлж “Онцлох сэдэв” гэдэг шинэ нэвтрүүлэг эхэлж байгаад баяр хүргэе. Тодорхой жишээнүүд дээр ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Сая сэтгүүлч хэлсэн. Монгол Улс Ирак, Афганистанд цэрэг илгээсэн, бас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч. Эдгээр жишээн дээр байнга төвийг сахих гэдэг байр суурь их ойлгомжтой болох болов уу гэж бодож байна. Монгол Улс 1990-ээд оноос хойш хорь гаруй жилийн хугацаанд ерөнхийдөө төвийг сахих бодлого баримталж ирсэн боловч Ирак, Афганистаны жишээн дээр төвийг сахиагүй. НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Монголын цэрэг, батлан хамгаалах салбар оролцох нь зөв гэж ихэнх нь үздэг байх. 2003 онд Иракийн эвсэлд оролцоход тухайн үед УИХ-аар ч хэлэлцээгүй шууд шийдээд явсан.
Сүүлд нь УИХ-аар хууль тогтоолуудад өөрчлөлт оруулж шийдээд явдаг болъё гээд УИХ дээр ярилцаж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Иракийн хувьд АНУ-ын санаачилсан эвсэл байсан байх, Афганистаны хувьд НАТО санаачилсан эвсэл байх. Иймд одоо бол НАТО болон АНУ-ын санаачилсан эвсэл хандахад “бид байнга төвийг сахих бодлоготой болсон, уучлаарай” гэх нь байна шүү дээ. Би тухайн үедээ Гадаад хэргийн сайд байхдаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд цэнхэр дуулга дор нэгдэхэд тухайн үед хувь хүний байр суурин дээрээ болох юм байна гэж боддог байсан.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол бидний хөрш ОХУ, БНХАУ үндсэн гишүүн нь, Монгол Улс бол ажиглагч статустай байгаа. Харин хоёр хөрш маань тус байгууллагын гишүүн болох уу гэж санал тавьдаг. Болоосой ч гэж хүсдэг байх. Тэгэхээр бид “Уучлаарай, бид одоо болтол ажиглагч байр суурьтай байна” гэж үздэг байх. Үүн дээр ч гэсэн бид байнга төвийг сахих бодлогын хүрээнд ажиглагч байр суурьтай байх болов уу гэж бодоод байгаа юм. Тухайн үед нь Гадаад яамныхан тодорхой байр сууриа хэлнэ биз. Энэ хуулийн төсөл дээр Гадаад яам, Засгийн газар саналаа хэлнэ биз. Иймэрхүү жишээн дээр байр сууриа илэрхийлнэ үү, эрхэм Ерөнхийлөгч өө. Манай гол хөрш орнууд ОХУ, БНХАУ, гуравдагч хөрш АНУ гэх мэтчилэн орнууд хэрхэн хүлээн авах бол? Бид энэ бодлого дээр тууштай байна гэвэл гол гол улс, хөрш орнуудад зөв тайлбарлаад явах ёстой болов уу. Мөн гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлал дотор энэ бодлогоо шигтгээд, батлуулаад явах боломж байгаа гэж харж байна. Зарчмын хувьд бол бипэнэ байр суурийг баримтлаад ирсэн нь үнэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Саяын хэлсэн зүйлүүд дээр товчхон хэлэхэд энхийг сахиулах ажиллагаа гэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр заавал энэ асуудлыг ярилцдаг, тэр шийдвэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэрэгжүүлдэг. Энхийг сахиулах ажиллагаанд бид нар маш идэвхитэй оролцоно, бүр өргөжүүлнэ.
Энэ нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нэг хэлбэр. Үүнийг хамтарч ярилцаад Ерөнхийлөгч нь тайлбарлаад олон улсын түвшинд гаргахад энэ бол Монгол Улсын байр суурь болоод явчихна. Нөгөө талаас энэ бол анхны санаачилга уу, өмнө нь гарч байсан уу гэвэл өмнө нь үүнтэй төстэй санаачилга гарч байсныг энд хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, 1992 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын санаачилга гаргаж байсан. Түүнийг тэр ондоо Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр очиж зарлаж байсан. Дараа нь 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей Монгол Улсын санаачилгыг дэмжсэн байдаг. 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль гэж Монгол Улсын УИХ гаргасан. 2011 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон энэ санаачилгыг дэмжиж баталгаажуулж гарын үсгээ зурсан. Тэгэхээр яг ийм байдлаар бид явах бүрэн боломжтой. Өмнө нь ийм санаачилга гаргаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Зарим улс ийм бодлого гаргахад дургуйцэх болов уу гэж асууж байна Монгол Улс өөрийн бодлоготой болж байгаа юм. Монгол Улс наад захын тодорхой зүйл дээр тодорхой байр суурь илэрхийлж хэлэх зүйлтэй болж байгаа юм. Зарим нэг тал, зарим нэг улсууд “Монгол Улс бидний хэлснээр байх ёстой” гэсэн бодолтой, жаахан дургүй ч байж магадгүй. Тийм учраас энэ бодлого Монгол Улсад хэрэгтэй байна уу гэдгийг харж үзэж, асуудалд хандвал зөв болно гэж бодож байна. Өөрийн бодлоготой, тодорхой асуудлууд дээр тогтвортой, дээр нь бидний хамгийн эрхэмлэж явдаг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал энэ бүхэн бас нэг уяа, гадастай болж байгаа юм. Тэр бодлогоо тууштай баримтлах нь Монголын эрх ашигт нийцнэ. Яг энэ талаар Монгол хүн бүхэн бодож байгаа. Өргөжүүлээд ярих юм бол олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн төв болох боломжтой, дэд бүтэц, агаарын харилцаа, шинэ онгоцны буудал гэх мэт олон зүйлийг ярьдаг. Энэ бүхэнд нөгөө талаараа дэмжлэг болох ийм л бодлого байгаа юм.
МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш Баясгалан: -Ерөнхийлөгчийн Цөмийн зэвсэггүй бүс гэсэн санаачилгатай ижил байгаа юм. Миний хамгийн их сонирхож буй зүйл бол Байнга төвийг сахих статусын талаар хоёр хөршөөсөө асуусан гэж олон нийтийн мэдээллээр гарч байсан, түүнээс цааш мэдээлэлгүй байна ОХУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн болов уу. Мөн БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн болов уу?
Хэрэв өгсөн бол, эсвэл өгөөгүй бол ямар асуудал гарсан бэ. Жишээлбэл, дипломат харилцааны хувьд жест маягийн зүйл байдаг шүү дээ. Нэг бол дэмжиж байна, эсвэл дэмжихгүй байна. Эсвэл инээмсэглэсэн маягаар, дараа ярилцъя гэдэг байдлаар орхидог ч юм уу, эсвэл дуугүй орхих ч юм уу, ийм зүйл гарсан уу?
Нөгөө талаас Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн асуудал дээр цөмийн зэвсгийн талаар, хашилтанд хэлбэл төвийг сахих маягтай зүйл яриад одоо болтол гэрээ болж хэрэгжихгүй статусын хэмжээнд явж байгаа зүйл бий. Тэр статус зогсоод байгаа. Энэ үүднээс харвал ОХУ, БНХАУ байна. Бусад улсууд бол Монголоос харьцангуй хол, ашиг сонирхол нь төдийлөн хөндөгдөөд байдаггүй. Энэ үүднээс ашиг сонирхол нь хамгийн их хөндөгддөг хоёр хөршийн хувьд ямар байр суурьтай байгаа юм бол. Тэр талаар тодруулж өгнө үү?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хоёр хөршийн хувьд бид нар энэ бодлогыг судлаад, Аюулгүйн зөвлөл дээр ярилцахын өмнө Гадаад яамаараа дамжуулан хоёр хөршийн Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд тодорхой мэдэгдсэн. Монгол Улс энэ төвийг сахих бодлогоо олон нийтэд зарлая гэж бодож байна. Энэ чиглэлээр ойрын үед тодорхой алхам хийнэ гэдгээ хоёр талдаа мэдээлсэн. Манай хоёр талын хэлсэн зүйл бол “Үнэхээр хөрш орнууд гэдэг ийм л байх хэрэгтэй. Ийм чухал бодлого зарлах гэж байгаагаа бидэнд та бүхэн түрүүлж мэдэгдлээ. Их баяртай байна” гэдгээ илэрхийлж хүлээж авсан. Нөгөө талаар албан ёсны айлчлалын үеэр хоёр хөршийнхөө удирдлагуудтай уулзаж, олон асуудлаар санаа оноогоо хуваалцаж явдаг. Тэр түвшинд бид нар ийм бодлого ярилцаж байгаа, энэ тухай бодлого гарна гэж ярилцдаг. Манай хоёр хөршийн зүгээс бидний харилцааны үндсэн баримт бичигт туссан үндсэн нэг асуудал бол Монгол Улсын гаргаж байгаа шийдвэр, сонгож авч буй замд хүндэтгэлтэй хандана гэж заагдсан байдаг. Ерөнхийдөө энэ байр сууриа хэлдэг. Сүүлд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар энэ бодлогоо дэмжүүлэх нь зүйтэй юм гэж бид Гадаад харилцааны чиглэлээр яриад Ерөнхий ассамблейн энэ намрын чуулганд оруулах чиглэлээр ажиллаж байгаа. Тогтоолын төсөл явж байгаа. Түүнд нууж хаагаад байх олон зүйл байхгүй. Гуравхан санаа байдаг юм шүү дээ
Нэгдүгээрт, НҮБ-ын ерөнхий ассамблей Монгол Улсын төвийг сахих бодлогыг дэмжиж байна. Дээрээс нь дэмжиж хамтарч ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалж байна. Мөн Монгол Улсын төвийг сахих бодлого бол бүс нутгийн болон даян дэлхийн аюулгүй байдал, энх тайван, найрамдалт хамтын ажиллагаанд тус нэмэр болно гэж найдаж байна гэсэн ийм л байр суурь байдаг. Тэгээд энэ бодлого гарангуут бусад улс орнуудтай дипломат шугамаар ярилцах боломжийг бидэнд олгож байгаа юм. Тэгээд үүнийг дэмжиж оролцъё гээд арваад орон, Их Хуралд хууль санаачлахад гишүүд нэрээ бичээд явдаг шиг зохиогчоор оролцоод явж байгаа. Энэ асуудал НҮБ дээр ороод ирэхэд бид нар дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаас тайлбар хүсч байгаа энэ асуудал дээр бас бид тайлбар сонсохыг хүсч байна. Бас материалууд дутуу байна гэж хаана ч асуудал хэлэлцсэн тэгж ярьдаг газрууд бий. Хамгийн гол юм бол танай Их Хурал дээр хууль өргөн барьсан байгаа. Танай парламент шийдэх гэж байгаа юм байна. Танай парламентаас ер нь ямар бодлого шийдвэр, ямар зарчим гарах юм бэ. Түүнийг харъя гэсэн иймэрхүү л байр суурьтай байгаа. Тэгэхээр энд бол айхтар харшилсан зүйл байхгүй. Тийм учраас би Их Хуралд түрүүн үгээ хэлэхдээ хэлсэн. Энэ гуравхан уулзалтаар маш тодорхой стандарттай, маш тодорхой зохицуулалттай, хоёр талтайгаа байгуулсан олон улсын гэрээ, Монгол Улсын гэрээнүүдэд үндэслэсэн, Аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад зүйл, гадаад бодлогын уламжлалт бодлогод суурилсан байдлаар оруулсан хуулийг УИХ дээр яриад баталчихад цаашаагаа явах үйл ажиллагаанууд нь бүрэн явах боломжтой байгаа юм гэдгийг энд бас хэлье гэж бодож байна.
Геополитикийн хүрээлэнгийн оролцогч: -За баярлалаа Улсын Ерөнхийлөгчтэй онцлох сэд<
-
45.117.34.*
Зочин
2016-02-06 21:26
Төвийг сахина гэдэг нь хужаа нарын л уламжлалт бодлого байсан шиг л санагдаад байна. Харин Монголбн хувьд сайн мэдэхгүй юм даа...0 0 Хариулах