Улсын их хурал

Х.Тэмүүжин : Албан тушаалд очихоороо бүх байгууллагыг өөрийгөө хамгаалах систем болгох дон хаанаас шүгэлчихдэг юм

М.Энхмаа
2016-02-05 02:41

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хойшлуулсан. Д.Дорлигжав сайдын санаачилсан энэхүү хуулийн төсөлд Дотоодын цэргийг дахин байгуулах зохицуулалтыг тусагасан нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг багагүй бухимдуулсан юм. Учир нь Х.Тэмүүжин гишүүн өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа тус яамны харьяанд байсан Дотоодын цэргийг татан буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Х.Тэмүүжин гишүүн байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Ж.Батзандан гишүүнд хандаж хатуу үг хэлжээ.

Дотоодын цэрэг бол цагдаагийн байгууллага биш

2008-2012 онд Ц.Нямдорж гишүүн Хууль зүйн сайд байхдаа Улаанбаатар хотод гарч байгаа дотоодын үймээн самуун, нийтийг хамарсан хэв журмын зөрчил гарах үед Хилийн цэргийг дотоодод үйл ажиллагаа явуулахаар хууль санаачилж оруулж ирсэн. Галт зэвсэг бүхий цэргүүдийг иргэдийнхээ эсрэг шууд тавих хууль оруулж ирсэн. Тухайн үед АН энэ хуулийг хүчтэй эсэргүүцэж байнгын хороон дээрээс нь буцааж байсан. Яагаад гэвэл тэр үед долдугаар сарын 1-ний гэх эмгэнэлт хэрэг дуусаагүй, таван хүний амь нас сүйдээд удаагүй, иргэд рүүгээ буу шагайсан цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэргээр зүйлчлээд шоронд явуулчихсан байсан. Дотоодын цэрэг бол цагдаагийн байгууллага биш. Тохиолдлоор цэрэгт татагдсан 18 настай хүүд буу бариулаад иргэд рүү гаргадаггүй юм. Өмнө цэргийн алба хаасан, тусгай сургалтанд сууж иргэнтэй харьцах мэдлэг, чадвар эзэмшиж, бэлтгэл хангасан алба хаагчид иргэнтэй харьцдаг. Тиймээс бид энэ хуулийг дэмжихгүй гэж хэлээд АН энэ хуулийг буцаасан. Одоо эрх мэдэлтэй болонгуутаа дүрээ өөрчилж болохгүй. Би энэ зарчим дээр хатуу зогсоно. Нямдорж сайдын тухайн үед өргөн барьсан хууль Дорлигжав гэдэг хүн дээр дүрээ өөрчлөөд ороод ирлээ. Цэрэг гэдэг чинь мэргэшсэн хүн үү? Үгүй шүү, Дорлигжав сайд аа. 18 нас хүрсэн иргэнд Эрүүгийн хууль сануулж байгаад цэргийн албанд явуулдаг. Одоо тэр хүндээ буу бариулаад иргэний өмнөөс явуулах санаачилга гаргаж байна.

Цэрэгт ирсэн 18 настай хүүхдэд буу бариулаад улсын онцгой объектыг хамгаалуулж болохгүй

Хууль зүйн сайд байхдаа Дотоодын цэргийг хөндсөн дөрвөн шалтгаан байсан. Нэгд, цагдаагийн дарга нарыг хэзээ ч “Цэргийн гэмт хэрэг” гэдэг зүйл ангиар шоронд явдаггүй байхын тулд цагдаагийн бие бүрэлдэхүүнээс дотоодын цэргийг алга болгосон. Хоёрдугаарт 18 настай цэрэгт ирсэн гонжгор хүүхдэд буу бариулаад улсын онцгой обектыг хамгаалуулж болохгүй. Мэргэшсэн хүмүүсээр хамгаалуулах ёстой гээд  өмнө нь цэргийн алба хааж, тусгай үүрэг гүйцэтгэсэн, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн мэргэжлийн боловсон хүчнээр энэ ажлыг хийлгэж байгаа. Одоо үүнийг нь болиулаад хилийн цэрэг буюу цэрэгт татагдсан хүмүүсээр хамгаалуулах нь байна.

Гуравдугаарт терроризмтэй тэмцэх бол цагдаагийн чиг үүрэг. Би сайд байхдаа бүр хөөцөлдөж байж цагдаагийн тусгай албанд арай гэж сафёрийн хоёр хувцас авч өгсөн. Гэтэл цагдаагийн тусгай алба, тусгай томилгоот бүлгүүдийнхээ техник хэрэгслийг сайжруулахын оронд дахиад цэрэг болж тоглох тухай яриад эхэллээ. Зардлын тооцоог нь үзмээр байна. Би Тахарын албыг ШШГ байгууллагатай нэгтгэхэд ч хэлж байсан. Мөнгө байхгүй гээд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог үгүй хийсэн мөртлөө иргэнийхээ өөдөөс зэвсэг  бариад босох цэрэг байгуулах гэж байгаа энэ Засгийн газрыг би ойлгохгүй байна. Тийм учраас энэ хуулиар АН-ын бүлэг дахиад тусдаа хуралдаж, 2008-2012 оныхоо байр суурь дээр байна уу, үгүй юу гэдгээ яримаар байна. Р.Гончигдорж гишүүн, З.Энхболд дарга тэр үед юу гэж хэлж байлаа, тэр протоколуудаа эргэж нэг хараарай.

Цэрэг командалмаар байвал Батлан хамгаалын сайд бол, Дорлигжав сайд аа!

Ц.Нямдорж сайд байхдаа “цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг дахиад 1200-1300 хүнээр нэмэгдүүлж байж хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадна” гэсэн тооцоо гаргаад Засгийн газрын тогтоол гаргуулсан байсан. Хөдөө орон нутаг, суманд томилогдох төлөөлөгчид нь байхгүй, Улаанбаатар хотдоо хүртээмж байхгүй. Дотоодын цэрэг гэж нэг бүтэцтэй ч цэрэгт татах хүмүүсээ татдаггүй, төсөв мөнгө нь хэдэн даргынх нь гарын салаагаар урсч байдаг. Тиймээс өмнөх Засгийн газар Дотоодын цэргийг татан буулгаж, төсвийг нь цагдаагийн байгууллага руу шилжүүлээд Улаанбаатарын зургаан цагдаагийн хэлтсийг 14 болгож өргөжүүлсэн. Хан-Уулд хоёр, Баянзүрхэд гурав, Сонгинохайрханд гурав байгаа шинэ хэлтсүүд чинь бүгд дотоодын цэргийн зардлаар боссон.

Одоо эргээд дотоодын цэргийг цагдаа руу шилжүүлсэн бие бүрэлдэхүүнээс шууд татна гэж байгаа бол Улаанбаатар хотод нэмэгдсэн цагдаагийн хэлтсүүдээ бүгдийг татан буулгана гэсэн үг шүү, Дорлигжав сайд аа. Цагдаагийн орон тоог нэмж байгаад суманд сум бүрт томилсон цагдаа, хэсгийн төлөөлөгчийн орон тооноос татагдана гэсэн үг. Тэр үед Сангийн яам, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллага дээр шилжсэн бүх орон тоо, зардлууд ингэж явсан. Худлаа ярьж болохгүй. Албан тушаалд очихоороо л бүх байгууллагыг өөрийгөө хамгаалах систем болгож хувиргах гэдэг энэ дон хаанаас шүгэлчихдэг юм бэ. Цэрэг командалмаар байвал Батлан хамгаалахын сайд хийж болно шүү дээ.

Юунд бэлтгээд галт зэвсэгтэй хүмүүс, цэргийн хүчийг иргэдийнхээ эсрэг зэхээд байна вэ ? 

 Ерөнхий прокурор байхдаа цагдаагийн удирдлагыг “Иргэн рүү гал нээсэн” гэж шоронд явуулчихаад одоо Хууль зүйн сайд болохоороо “Би галт зэвсэг хэрэглэмээр байна, надад дотоодын цэрэг байгуулаад өг” гэж байгаа хувь хүнийг ойлгохгүй байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийхээ зэвсэг техник, тоног төхөөрөмжийг сайжруулаад олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй хүмүүсийнхээ орон тоог нэмэгдүүлчихэд болчихно. Заавал цэрэг байгуулан хил хамгаалах, дотоодын цэрэг гэдэг нэгдсэн штаб бий болгож, армитай зэрэгцсэн бас нэг армийг Хууль зүйн яам дээр бий болгох хүсэл эрмэлзэл юунаас үүсээд байгааг би ойлгохгүй байна.

Иргэд рүүгээ буу шагайж, таван хүний амийг үгүй хийсэн тэр хар өдрийг дахиад гаргуулахгүйн тулд би нэгдүгээрт хүний эрхийг хамгаалах ёстой гэдэг концепци боловсруулсан. Харамсалтай нь та үүнийг нухчин дарж байгаа юм байна. АН арай ч тэр байр суурьнаасаа ухрахгүй байх гэж би найдаж байна. 2008 оны долдугаар сарын 1-нд амиа зольсон таван иргэд хэний өмнөөс тэгсэн бэ, Батзандаан чи нэг бодоорой. Албан тушаал сэлгэж дарга дүрээ хувиргаж явдаг хүмүүсийн төлөө дуугарахыг хүсээгүй шүү. Надад үнэхээр харамсалтай байна. Иргэн лүүгээ дахиад буу шагайхад бэлэн байгаад харамсаж байна. Яг юунд бэлтгээд галт зэвсэгтэй хүмүүс, цэргийн хүчийг иргэдийнхээ эсрэг зэхээд байгаа юм бэ. Жишээ татаад байгаа тэр улсуудад чинь зэвсэгт цагдаа гэдэг ойлголт байдгаас биш цэрэг гэдэг ойлголт байхгүй шүү.

 

Эх сурвалж : 

https://www.youtube.com/watch?v=8ATwFSAPnJY 

https://www.youtube.com/watch?v=-sXX3YdaK38