Засгийн газар

Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх талаар хэлэлцлээ

М.Энхмаа
2016-02-05 04:03

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн 2016 оны эхний хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон бусад албаны хүмүүс, тус зөвлөлийн гишүүд оролцсон байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын газраас авч хэрэгжүүлсэн болоод цаашид хэрэгжүүлэх дараах ажлуудыг онцолсон байна. Үүнд : 

- Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн.

- Гацууртын ордыг эргэлтэд оруулах асуудал чуулганаар эцэслэн батлагдлаа.

- Таван толгойн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийднэ.

- Хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг дэмжих бодлого баримталж, далд эдийн засгийг ил болгоход чиглэсэн олон ажлыг эхлүүлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг хэрэгжүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлснээр 14.4 их наяд төгрөг төвлөрөөд байна.

- НӨАТ-ын 2 хувийг буцаан олгох хуулийг хэрэгжүүлж эхэлснээр далд эдийн засгийг нээлттэй болгоход багагүй үр өгөөжөө өгч эхэлсэн.

- Монгол банкны зүгээс мөнгөний бодлогоо зөөлрүүлж бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн.

- Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засагт шилжих бодлогыг баримталж Ипотекийн зээл, Үйлдвэрлэл дэмжсэн зээл, Малчны зээлийг дэмжих бодлого баримталж ажиллана.

Мөн татварын тогтолцооны шинэчлэлтэй холбоотой мэдээлэл, цаашид авах арга хэмжээний тухай  Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв танилцуулга хийсэн юм. Тэрээр Татварын багц хуулиудын шинэчилсэн найруулгаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-ийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгох зохицуулалт нэмсэн гэв.

Хуралдаанаар Монгол Улсын өрсөлдөх чадварт тулгуурласан экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Мянганы хөгжлийн корпорацид хүргүүлж буй ерөнхий саналд хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн тогтвортой байдал бүрдүүлэх бодлого, хууль, эрх зүйн орчны шинэтгэлийг хөгжүүлэх, уул уурхайн бус салбарын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн кластерыг дэмжих тухай тусгасан байна