Цэцийн зарим гишүүд тэтгэвэртээ суухаар боллоо
Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас батлагдсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр авч хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн албан ёсны сайтад тавигдсан мэдээллээр бол Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болохоор, Цэцийн гишүүн хууль зөрчснийг шүүхээр биш “эрх бүхий байгууллага”-аас тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалт, Цэцийн гишүүний тусгай санал болон хуралдааны тэмдэглэлийн талаарх Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх, Үндсэн хуулийн цэц, түүний
гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байх зарчмыг зөрчсөн, түүнчлэн дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болов” гэсэн шийдвэр гаргажээ.
Харин энгийнээр тайлбарлавал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг шинэчлэн баталснаар Үндсэн хуулийн цэц шийдвэрээ ил тод нээлттэй гаргах, хуралдааны үеэр хэн юу ярьсан болон дүгнэлт нь ойлгомжтой, үндэслэлтэй болох цаашлаад иргэн өөрөө хүсч байгаа нөхцөлд хувилж авах бололцоог бий болгосон. Гэвч өчигдрийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээр цэцийн маргаан шийдвэрлэх процесс олон нийтэд ил тод байх нь Үндсэн хууль зөрчсөн явдал гэж шийдвэрлэжээ. Энэ асуудлыг УИХ 15 хоногийн дотор хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
Харин дунд суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн гишүүний насыг 65-аар тогтоосныг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурав нь буюу энэ жил 74 нас сүүдэр зооглосон П.Очирбат, 68 настай Н.Жанцан, 66 настай Т.Лхагва нар шинээр баталсан хуульд заасан насны хязгаарыг давсан тул тэтгэвэртээ суухаар болж байгаа юм.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 22-нд болох бөгөөд УИХ дарга З.Энхболд хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм байна.