Дэлхийд

Харвардын их сургууль дээр Монголын хөгжлийн форумыг зохион байгуулна

Bolor Rose
2016-02-17 04:52

 Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль дээр "МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ"-ыг өнөөдөр зохион байгуулна. Энэхүү форумд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Б.Алтангэрэл, мөн Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхболд нарын Монголын төлөөлөгчид болон Харвардын их сургуулийн нэр хүндтэй, нөлөө бүхий профессорууд болох Рикардо Хаусмэн, Дэвид Кинг, Стив Жардин нарын зочид, Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг хийх ажээ. 

Мөн тус арга хэмжээнд Харвард, MIT болон Бостон орчмын сургуулиудад багшилж байгаа болон сурч байгаа Монгол судлаач, оюутнууд оролцох бөгөөд дэлхийн 70 гаруй орноос Харвардад сурч буй оюутан, судлаачид оролцохоор бүртгүүлжээ. 

Монгол орноо олон улсад илүү ихээр сурталчилах, улмаар хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилгоор энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилж буй бөгөөд Харвардын их сургуулийн судалгааны хүрээлэнгүүд санхүүжүүлж байгаа болно. 

Харварын төрийн удирдлагын сургуулийн 2015 оны төгсөгч Л.Оюун-Эрдэнэ, Д.Идэр, тус сургуулийн Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал нар өнгөрсөн жил Харвардад анх удаа Монголыг сурталчилах арга хэмжээг зохион байгуулж байжээ.