Улсын их хурал

Чуулганы нээлтэд 32 гишүүн иржээ

А.Сэвжид
2016-02-18 02:33

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хоёр дахь удаагаа 09.00 цагт товлосон ч ирц бүрдэхгүй байна. Одоогоор чуулганы танхимд 76 гишүүнээс 32 гишүүн ирсэн байгаа юм. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нийт 30 гишүүн, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар нар иржээ. Ирцийг 50 хувьд хүргэхэд 39 гишүүн чуулганы танхимд ирж, ирцээ бүртгүүлснээр бүрдэх юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй, тэднээс дөрөв нь гадаадад томилолттой ажиллаж байсан. Гадаадад ажиллаж байсан гишүүдийг эргэн ирэхийг Мягмар гаригт зар түгээсэн аж. Тэднээс УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар ирж амжсан байгаа бол УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар хараахан ирж амжаагүй байна.

УИХ дахь МАН-ын бүлэг “Олонхи ирцээ бүрдүүлсэн нөхцөлд чуулганы нээлтэд оролцоно" гэдгээ мэдэгдсэн. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүлж, таван гишүүн нь ирэхгүй бол ээлжит бус чуулганы нээлт хойшилсоор байх төлөвтэй боллоо. Түүнийг дагаад ээлжит бус чуулганы нээлтийг ирцээр “бойкотолдог” жишгийг МАН мөн тогтоох болж байна.

Бие даагч гишүүдээс нэг ч төлөөлөл ирээгүй байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс зөвхөн Шадар сайд Ц.Оюунбаатар л ирсэн байгаа юм.


  1. 202.9.40.* Бобо 2016-02-19 07:19
    Энэ төр гацаасан алуурчдийн нам,авилгачдийн намыг устгая