Улсын их хурал

З.Энхболд: Болохгүй юмыг болго гэж Ардчилсан намын бүлгийг шантаажилж болохгүй

А.Сэвжид
2016-02-18 06:30

МоАХ байгуулагдсаны 26 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч хоёр дахь удаагаа товлосон хугацаандаа эхэлж чадаагүй ээлжит бус чуулганы үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл голчлон өрнөлөө.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 онд тухайн үеийн МАХН /одоогийн МАН/-аас болж, УИХ-ын үйл ажиллагаа мөн ийн гацаж Ерөнхий сайдаа томилж чадахгүй зургаан сар болж байсан түүхийг эргэн хөндлөө. Энэ үед УИХ-ын чуулганыг нээхэд 76 гишүүнээс 51 нь хүрэлцэн ирж, ирц 50 хувьд хүрдэг дэгтэй байсан аж. Одоо бол 76 гишүүнээс 39 нь ирж ирц 51 хувьд хүрнэ. Ээлжит бус чуулганыг хоёр удаа зарлахад ирц хуулийн хугацаандаа хүрэхгүй хойшилсон нь УИХ дахь МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийг бүрдүүлэгч МАХН-аас болсон гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцоллоо.

Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй, Д.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь чуулганы нээлтэд оролцохоор ирсэн бол ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, МҮАН-аас хоёр гишүүн ирсэн байна.

УИХ-ын дарга З.Энхболд “Ээлжит бус чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Хэрвээ ээлжит бус чуулганыг нээж чадахгүй бол эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна. Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр МАН, МАХН-ын гишүүд хуралдаа оролцохгүй байна” гэсэн юм.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Одоогийн үйл явцыг 26 жилийн өмнөхтэй харьцуулахад улс төрийн хямрал үүсээд байгааг юу гэж тайлбарлах вэ. Чуулганы хуралдаан цагтаа эхэлсэн тохиолдол байдаггүй, наад захын жишээ хэлэхэд?

З.Энхболд: Энэ УИХ-ын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. Хэлэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Өглөө хуралдаа ирэх ёстой, цалингаа авч байгаа. Үүнийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй.

26 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж ес дахин өслөө. Үүнийг олж харахгүй, Монгол Улс улам ядуурсан гэх улс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн юм. Бид сайн зүйлээ ярьдаггүй болоод удаж байна. Сайн зүйл зөндөө байгаа. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байгаа. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёсыг бүрдүүлж чадаагүй гэж үздэг хүмүүс байна. Өнгөрч буй 26 жилийн дотор бид АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүй. Гэхдээ бид 1990 оноос өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр ярьж чаддаг болж байгаа. Одоо  төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор таван намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна.

-Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлт гарсан тохиолдолд цэцийн гишүүний асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай юу. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэсэн хариуг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хүргүүлжээ. Энэ тохиолдолд Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?

З.Энхболд: ҮХЦ УИХ-ын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг хүчингүй болгосон. Хууль зөрчсөнийг хэн тогтоох нь байхгүй болсон учир УИХ шийдээд явна. Цэцийн даргын хувьд хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлсэн учраас огцрох гээд байгаа юм. Монгол Улсад хуулийг хүчинтэй, хүчингүйг хэлдэг ганцхан байгууллага байгаа. Тэр нь УИХ. Түүнээс биш  ҮХЦ ч юм уу, Үндэсний бөхийн холбооны цэц хэлэх эрхгүй. АТГ-аас ямар бичиг ирснийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Бид мэдээгүй. Хэрвээ АТГ-аас ирүүлсэн бичиг нь Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж болохооргүй бол болохгүй. Болохгүй юмыг болго гэж Ардчилсан намын бүлгийг шантаажилж болохгүй. УИХ-д өргөн баригдаагүй асуудлыг  захирамжинд оруулах боломжгүй.

-Ардчилсан нам ирэх сонгуулиар МАХН-тэй эвсэж орох зүйл яригдсан уу?

-Ардчилсан нам 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Дангаараа сонгуульд орно. Энэ бол манай намын олон жил үргэлжилж байгаа бодлого. Харин УИХ-д суудалтай бусад жижиг намтай нэгдэх урилга явуулсан. Энэ дагуу процесс явуулж байгаа. МАХН-тай бид нэгдэх урилга явуулаагүй. Тийм учраас сонгуульд эвсэхгүй. Бид хэнтэй ч эвсэхгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна. 20 жил бидний олонхи болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Биднийг олонхи болгоод өгөөч. Бид дараагийн 76 мянган айлыг орон сууцжуулах асуудлыг ярьж байгаа. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүйгээр бид 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна. Зээлийн хүүг бууруулж, жинхэнэ экспорт хийдэг үйлдвэрлэгч болгох гэх мэтээр хийх ажил их байна. Энэ ажилд бидний эрх мэдэл хүрэхгүй байна. Өнөөдрийнх шиг асуудалтай тулж байна.

Энэ их хурал анх бүрдэхдээ Ардчилсан нам 31 гишүүнтэй байсан. Одоо 35 гишүүнтэй болсон. Олонхи болоход 4 гишүүн дутаад байгаа. Хэн нэг намтай эвсэхгүйгээр, хэн нэгнийг гуйлгүйгээр  ирцээ бүрдүүлээд  хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад бидэнд 4 гишүүн дутаж байна.

Ардчилсан нам энэ Их хуралд байгаа бүх нам, бие даагчидтай болохоосоо болохгүйг нь хүртэл эвсэж үзлээ. Эвсэж үзээгүй хүн үлдээгүй. Сүүлийн жилүүдэд олонх бүрдээгүй учир асуудал үргэлж гарч байгаа. Тийм учраас 2016 оны сонгуулиар аль нэг намыг олонхи болгох хэрэгтэй. Тэгж байж ажил хурдан явна. Бид хэдийгээр олонхи болоогүй ч ажлаа хангалттай хийсэн. Ажил авахад маш хэцүү байсан. Түүхий эдийн үнэ унасан байлаа. Бид маш зөв менежментийг санхүүгийн салбарт хийсэн. Тэгэхийн тулд хэн нэг нам, бие даагчаас ирцээ бүрдүүлдэггүй хуралдаад явах хэрэгтэй.

-Та МАХН-ын даргатай уулзахдаа  Шадар сайд болгох тохироо хийсэн үү? Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Н.Энхбаярыг Шадар сайд болгох тохироо хийсэн гэх яриа байна.

-УИХ хуулийн хүрээнд ажиллах ёстой. Засгийн газар мөн адилхан. Би Ерөнхий сайдыг төлөөлж ярих боломжгүй.

-Таныг хурал удирдан явуулахдаа нам, эвслээр нь ялгаварладаг. Тиймээс огцруулах үндэслэл тавина гэж байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Огт үндэслэлгүй зүйл ярьж байна. Би ийм ааштай хүн. Үүнийгээ өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Дуртай үедээ яриад дургүй үедээ алга болдог эрх чөлөөг Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдэд олгоогүй. Үндэсний бөхийн барилдаан яг цагтаа эхэлдэг болсон байна лээ. УИХ-ыг цагтаа эхэлж байсныг санахгүй байна. Ийм л хариуцлага яриад байгаа юм. Хариуцлага ярихаар өөдөөс өрвөлзөөд байгаа юм. Үндсэн хуульд заасан үүргээ биелүүл. Бүх намын гишүүдтэй адилхан харилцаж байгаа. Нэг асуудал хэлэлцэж байхад нөгөө асуудлыг ярьдаг. Микрофон таслах эрх надад байна.

-Ээлжит бус чуулганыг зарлахдаа дэгийн хууль зөрчсөн учраас хуралд оролцохгүй гэсэн тайлбарыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж байна. Нөгөө нэг асуудал нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудал. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийг бүрдүүлж байгаа МАХН-ын зүгээс Шадар сайдаар Н.Энхбаяр даргыг томилох асуудлыг шийдэхгүй байна гэж үзээд ээлжит бус чуулганд оролцохгүй байна. Ардчилсан намын бүлэг бусад намуудтайгаа маргаантай байгаа асуудлаар зөвшилцсөн юм уу?

Б.Гарамгайбаатар: Ардчилсан намын бүлэг өнөөдрийг хүртэл зөвшилцөл хийж яваа. МАН-тай ч урт хугацаанд зөвшилцөж байна, МАХН-тай ч мөн олон жил зөвшилцөж яваа. Өнөөдөр ч зөвшилцөл хийгдэж байна. Хамгийн харамсалтай нь, дэгийн хууль зөрчсөн асуудал яригдаж байгаа. Яагаад гэвэл УИХ-ын даргын захирамж гарсан бол УИХ-ын гишүүд хуралд суух үүрэгтэй. Даргын зөвлөлийн хурал зөвшилцлийн хүрээнд явагддаг. Ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас гарсан. УИХ-ын дарга өөрөө дураараа асуудлыг тавьсан гэж яриад байгаа нь худлаа. МАН-ын бүлгийн гишүүд ингэж ярьж байна лээ, ташаа. Зөвшилцсөн, зөвшилцөлд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, намын дарга нь оролцсон.