Улсын их хурал

М.Зоригт: УИХ-ын гишүүд энгийн ангиллаар нисч л байдаг

А.Сэвжид
2016-02-19 02:07

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд энэ сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд МИАТ-ийн онгоцоор зорчжээ. Ингэхдээ улсын зардлаар энгийн суудалд суух онгоцны тасалбар бичүүлсэн байна. Гэвч тэд “Энэ тасалбараараа нэгдүгээр зэргийн суудалд сууна, бид УИХ-ын гишүүн байна” хэмээн МИАТ-ийн ажилчдыг сандаргасан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. УИХ-ын гишүүдийг хэрхэх учраа мэдэхгүй байсан МИАТ-ийн ажилчид удирдлагуудтайгаа холбогдож асуудлыг шийджээ. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа.

-УИХ-ын нэр бүхий гурван гишүүн МИАТ-ын нислэг саатуулсан талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Би өчигдөр хэвлэлийн мэдээтэй байсан. Өнөөдөр албан ёсоор МИАТ-ынхнаас үнэхээр тийм зүйл болсон уу, үгүй юу гэдгийг тодруулсан. Үнэхээр тийм зүйл болсон юм билээ. Төрийн өндөр албан тушаалтнууд урьдчилж мэдэгдсэнээр зэрэглэл ахиулах эрхзүйн орчин байдаг. Энийг компанийн удирдлагын түвшинд шийдвэр гаргадаг. Үйлчилгээнд гарч байгаа хүмүүст эрх байдаггүй. Хүн ёсны харьцаа байгаагүйгээс болж жоохон асуудал үүссэн юм шиг байна лээ. Тэрнээс болж буулгах, буулгахгүйдээ тулж саатал гарсан юм болов уу гэж ойлгосон.

-Хүн ёсны харьцаа байгаагүй гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

-Би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Буулгах хүртэл арга хэмжээ авсан гэхээр би тэгж бодож байна.

-МИАТ-ийнхний ажилд ямар нэгэн саад учирсан уу?

-МИАТ-ээс гаргасан тайлбар дээр ямар нэгэн эдийн засгийн хохирол гараагүй гэж бичсэн байна лээ.

-Хугацаа хоцрохоор гайгүй юу?

-Би бас эргэлзээд л байна. Зогсолтын хугацаанд мөнгө төлдөг баймаар юм. Олон зорчигч 30-аад минут хүлээсэн. Зорчигч гомдол гаргавал яах билээ.

-Гишүүд энгийн ангилалд явж болно биз дээ?

-Явж л байдаг шүү дээ. Энэ гурвын хувьд юу болсныг сайн мэдэхгүй байна. Өнөө өглөө Д.Ганбат гишүүнтэй таараад “Та нар минь юу болов оо. Манай салбарын хэдэн хүүхдийг дээрэлхээд байхгүй шүү” гэсэн чинь Би яагаа ч үгүй. Цаад Ц.Оюунбаатар чинь юм яриад яваад байсан” гэж байна лээ.