Нийгэм

Б.Цогтгэрэл: Долоон тэрбумын төсөв батлуулсан ч ажлаа хийхгүй байна

А.Сэвжид
2016-02-22 03:58

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Б.Цогтгэрэл Шилэн дансны тухай хуультай холбогдуулан, төрийн олон байгууллагад өргөдөл гомдол гаргасан. Тэрээр өнөөдөр Үндэсний аудитын газарт (ҮАГ) очиж, өргөдлийнхөө хариуг шаардсан юм.

Б.Цогтгэрэл Үндэсний аудитын газарт хандан, шилэн дансаа хуульд заасны дагуу хөтлөөгүй төрийн байгууллагуудад үзлэг, шалгалт явуулах хүсэлт гаргажээ. Гэтэл өргөдөл гаргаснаас хойш 130 хоног өнгөрсөн ч огт хариу өгөөгүй юм байна. Иймд тэрээр ҮАГ-аас  хариугаа авахын тулд биечлэн иржээ. Өнөөдөр түүнд хариуг нь өгөхгүй бол суулт, өлсгөлөн зарлах зэргээр бүхий л төрлийн арга хэмжээ авна гэв.    

Тэрээр Ерөнхийлөгчийн 88 дугаар зарлигийг мөн уншиж танилцуулав. Энэ зарлигт төрийн болон хууль, хүчний байгуулагуудад Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхийг даалгасан байдаг юм байна.    

ҮАГ-ын дэд захирал, ахлах аудитор В.Баттуяа “Таны өргөдлийн мөрөөр бид шалгалт явуулаад эхэлсэн. Гэхдээ бид тусгайлан аудит хийхгүй. Хийж буй аудиттаа хамруулан ажиллана гэдгээ танд хоёр удаа мэдэгдсэн. 2015 ны сүүлийн хагас жилийн аудитын тайлангийн дүн мэдээг энэ оны эхний улиралд багтаан мэдээлнэ. Тэр үед бид танд тусгайлан хүргүүлнэ. Бид тайлангаа олон нийтэд ил тод мэдээлдэг. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд бид жилд хоёр удаа шалгалт явуулна. Эхний хагас жилд хийсэн шалгалтын дүнг гуравдугаар улиралд, сүүлийн хагас жилд хийсэн шалгалтаа дараа жилийнх нь нэгдүгээр улиралд багтаан мэдээлнэ” гэв.

Харин Б.Цогтгэрэл надад ямар ч хариу ирээгүй гэсэн юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өгсөн өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэнд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой аж. Хэрэв өргөдөл, гомдол нь саналын шинжтэй бол хариуг 90 хоногийн дотор өгөх ёстой аж.

Харин Б.Цогтгэрэл “Миний өргөдөл гомдол саналын шинж агуулаагүй. ҮАГ долоон тэрбум төгрөгийн төсөв батлуулсан. Та нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Тэгсэн атлаа Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчиж, ажлаа хийхгүй байна” гэсэн юм.

ҮАГ-ын дарга А.Зангад өвчтэй байгаа тул энэ уулзалтад оролцоогүй аж.