Улсын их хурал

Н.Номтойбаяр: АН семинар гэх тавилттай жүжиг тавилаа

А.Сэвжид
2016-02-22 09:33

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд баасан гарагт эхэлж, тэр өдрөө өндөрлөсөн, ээлжит бус чуулганы талаар мэдээлэв.
Одоогийн УИХ 2012 оноос хойш нийт гурван удаа ээлжит бус чуулган зарлаж байжээ. МАН-ы бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Эхний удаад ээлжит бус чуулганаар авлига, албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан. АН МАН-ыг засагт хамтарч ажиллая гэж урьсан ч хөөх шийдвэрээ гаргахын тулд хоёр дахь удаа ээлжит бус чуулган зарласан юм. Энэ удаад Үндсэн хулийн цэцийн даргыг хууль бусаар огцруулах шийдвэр гаргалаа. Тэгэхээр АН сандал ширээний асуудал ярих болохоороо л ээлжит бусаар хуралддаг, өчүүхэн эрх ашгаар аливаа асуудалд ханддаг нь харагдана. Бид энэ хууль бус шийдвэрт оролцохгүйн тулд ээлжит бус чуулган суугаагүй.
Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татах саналыг эсэргүүцэн бид хуулиар олгосон эрхийн хүрээнд бид тав хоногийн завсарлага авч, дараа нь гурав хоногоор нэмж сунгасан. Хуулиар олгосон эсэргүүцлийн эрх хэмжээ маань тийм л байсан. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалалд МАН, МАХН-ын гишүүд бойкот хийж байна гэх мэтээр мушгин мэдээлсэн нь буруу юм.
Мөн АН семинар гэх нэрийн дор тавилттай жүжиг тавилаа. МАХН-ын гишүүд рүү байж болохгүйгэр дайрч доромжлон, улстөрчдөд баймгүй ёс зүй, авирыг гаргалаа” гэв.
Тэрээр УИХ дахь Ёс зүйн хороонд хандахаа ч мэдэгдэв.