Спорт

TheMongolZ багийн визийг гаргаж өгөхийн төлөө залуус сошиалд нэгдэж байна

А.Сэвжид
2016-02-23 08:19

Монгол улсаа төлөөлөн цахим спортын тэмцээнд амжилт гаргаж, Ази тивийн аварга болсон MongolZ багийнхан энэ долоо хоногийн сүүлээр АНУ-д эхлэх MLG Columbus тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон юм.

IEM Taipei тэмцээний аваргалсан тэднийг хүлээж буй хоёр тэмцээний нэг MLG Cloumbus тамирчдын хувьд тун чухал тэмцээн. Харамсалтай Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас хоёр ч удаагаа татгалзсан хариу өгсөн байна.

MongolZ багийн тамирчид АНУ-ын элчин сайдын яаманд Цагаачлалын бус виз мэдүүлсэн хэдий ч нийтлэг тавигддаг үндсэн шалгуур болох эх орондоо зайлшгүй буцаж ирэх шалтгаантай гэдгээ баталж чадаагүй гэх үндэслэлээр татгалзсан хариу авчээ.

Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд хэрэглэгчид #AskUSAmbMN гэсэн хаштаг ашиглан "MongolZ багийн визийг гаргаж өгнө үү" гэх агуулга бүхий зүйлсийг бичих болсон юм. Яг одоогийн байдлаар элчин сайдын яамнаас энэ талаар хариу өгөөгүй байна. 

Харин MLG байгууллагын дэд ерөнхийлөгч Адам Апицелла өчигдөр өөрийн reddit дээрээ "Визний асуудлаар бүх чадлаараа туслахаар ажиллаж байна" гэж бичжээ. Харин MongolZ багийнхан гурав дахь удаагаа визний ярилцлагад орохоор цаг авах гээд хүлээж байгаа аж.