Ж.Батзандан: Гомддог хүн улс төрд явах боломжгүй
Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-С.Зориг агсны гэргий Б.Булганы талаар түүний ар гэрийнхэн өргөдөл ирүүлсэн. Энэхүү өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг манай байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог.
-Ямар үндэслэлээр хэнийг шалгаж байгаа вэ?
-Миний бие байнгын хорооны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж Б.Булгантай уулзах бодолтой байгаа.
Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг бичелэн харахыг хүсэж байна. Аливаа хэргийг шалгахдаа Монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна.
Та өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд “МАН алуурчин” нам гэсэн. Энэ асуудлаар МАН-ын гишүүд өөрийг тань уучлалт гуйх ёстой гэж илэрхийлээд байгаа. Та уучлалт гуйх уу?
-Улс төрийн үйл ажиллагааны явцад улс төрчид бие, биенээ хатуу үгээр хэлэх шүүмжлэх нөхдүүд цөөнгүй байдаг. МАН-ынхан ч мөн АН-ыг хатуу шүүмжилдэг. Энэ бол улс төр дэх жирийн үзэгдэл. Гомддог хүн улс төрд явах боломжгүй. Тэгэхээр улс төрчид тэвчээртэй хүн ажилладаг. МАН-ын нөхдүүд маань надад жаахан гомдсон юм шиг байна. Гомдох хэрэггүй. Би уучлалт гуйхгүй.