Нийгэм

Энтерпрайз технологийн нэгдсэн ойлголт өгөх чуулган болно

Bolor Rose
2016-02-23 10:14

“Enterprise Tech 2016” чуулган энэ сарын 26-нд буюу ирэх баасан гаригт болно.  Чуулганаар энтерпрайз технологийн нэгдсэн ойлголт өгөх, зах зээлд борлогдож байгаа системүүдийг нэг дор танилцуулах, системүүдийн харьцуулалт хийх боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Энтерпрайз системийг зүй зохистой нэвтрүүлэхэд олон талт байгууллагуудын үүрэг, оролцоог ойлгуулах, технологийн чиг хандлагын талаар танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой ажээ. 

Орчин үед бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хувьд санхүүгийн хяналт, үйл ажиллагааны төлөвлөлт, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах зэрэгт энтерпрайз системийн үүрэг маш чухал болжээ. Энтерпрайз системийг зөв зохистой ашигласнаар байгууллага зардлаа хянаж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэн, борлуулалтаа өсгөх олон давуу талтай.  Байгууллагадаа тохирсон энтерпрайз системийг сонгон худалдан авах, нэвтрүүлэх, улмаар үр шимийг нь хүртэхэд олон талын мэдээлэл, мэдлэг, туршлага шаардлагатай. Энэ шаардлагыг хангахад энгийн хэрэглээний програм хангамж  учир дутагдалтай. Гэтэл өөрт тохирсон системээ сонгож худалдан авах, зөв зохистой нэвтрүүлэх талд нэгдсэн ойлголт, мэдээлэл, туршлага Монголын  зах дээлд бага басхүү өндөр үнэтэй байна. Түүнчлэн энтерпрайз системийн оновчтой хэрэглээ нь дан ганц тохирсон систем байгаад зогсохгүй шаардлагатай сервер, техник хангамж, дэд бүтэц, зөвлөх үйлчилгээний компаниудын оролцоо нь системийн үр дүнд нөлөөлдөг бөгөөд эдгээр мэдээлэл нэгдсэн байдлаар байхгүй байна. 

Тиймээс энтерпрайз систем үйлдвэрлэл эрхлэгч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг нэг дор цуглуулж, хэрэглэгчдэд зүй зохистой энтерпрайз системийг сонгох, нэгдсэн ойлголт өгөх, зах зээлд борлуулагдаж байгаа системүүдээ танилцуулах нэн шаардлага тулгарч байна. Ийнхүү хэрэглэгчдэд харьцуулалт хийх боломж олгож, энтерпрайз системийг зохистой нэвтрүүлэхэд олон талт байгууллагуудын үүрэг, тэдгээрийн оролцоог харилцан ойлгуулах, технологийн чиг хандлагын талаар танин мэдэхүйн мэдлэг олгосноор энтерпрайз технологийн хэрэглээ нэмэгдэх болно.

 “Enterprise Tech 2016” чуулган хэлэлцүүлэг, энтерпрайз технологийн үзэсгэлэн гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдана. Үзэсгэлэнд оролцож байгаа энтерпрайз систем үйлдвэрлэгч болон түүнтэй хамааралтай үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийг нэг дороос авч, системийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог арга хэмжээ болно. Энтерпрайз технологийн шинэ мэдээ, мэдээлэл, хөгжлийн чиг хандлагын тухай мэдлэг олгох “Enterprise Tech” сэтгүүлийг ч арга хэмжээнд оролцогсодод үнэ төлбөргүй өгнө.

Чуулганд дэлхийн зах зээлд тэргүүлэх компаниуд болох “Oracle”, “Microsoft” (Softline), “Deloitte”, “Dell”, “Intel” зэрэг компаниуд оролцохоос гадна дотоодын үүрэн холбооны тэргүүлэгч СКАЙтел групп, энтерпрайз систем үйлдвэрлэгч болох Veritech, ITZone, GrapeCity, Asterisk Technologies, BanqTech, “Оргил Stream” компаниуд оролцохоо мэдэгдээд байна.

Чуулганы үеэр энтерпрайз технологийн үйлдвэрлэгчдээс гадна зөвлөх компаниуд оролцож энтерпрайз системийг хэрхэн сонгох, бизнесийн шинжилгээг яаж хийх, системийг зохистой нэвтрүүлэх болон нэвтрүүлсэний дараах хөгжүүлэлтийн хувьд анхаарах зүйлсийн тухайд хэрэглэгчдэд мэдлэг олгох арга хэмжээ болно.