Нийгэм

Д.Цэрэнбат 'Монголын хөгжилтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа нь чуулганы зүг чиг'

Bolor Rose
2016-02-26 08:23

 Хилийн чанад дахь Монголчуудын суралцаж мэдсэн, ажиллаж туршлагажсан эсэхийг батлах, эх орныхоо төлөөх сэтгэл зүрх нь хэрхэн үйл хэрэг болсныг нь тодорхойлох үйл ажиллагаа бол Монгол орны хөгжилд” чуулган. 12 дахь жилдээ  зохион байгуулагдах гэж буй уг арга хэмжээ 2005-2011, 2013, 2015 онд Лондон хотод, 2012 онд  Шведэд, 2014 онд Монголд болсон ба 2016 онд Франц,  Канадад үргэлжлэх нь. Энэ талаар чуулганыг санаачлагч, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбаттай ярилцлаа.

 -Чуулганы зорилгын талаар оюунлаг монголчууд мэдээлэлтэй болсон. Тэд жил бүр Лондонд очиж үзэл бодол, мэдлэг туршлагаа хуваалцах бэлтгэлээ хангаж, арга хэмжээний зар хүлээн суудаг. Энэ жил ямар сэдвийн дор чуулах гэж байна? Хэлэлцүүлгийн сэдвийг сонгохдоо хэрхэн ханддаг вэ?

-Сэдвээ сонгоход янз бүрийн хүчин зүйл нөлөөлнө. Улс орны хөгжилд хувь нэмэр болохуйц, тухайн цаг үед яригдаж хөндөгдөж буй салбар чиглэлийг сонгохыг эрхэмлэдэг. Мөн зохион байгуулах багийн боломж бололцоо, санал бодолд тулгуурладаг. Чуулган бүрийн сэдвийг сонгосон шалтгаанууд харилцан адилгүй.

-Сэдэв сонгож байсан туршлагуудаасаа дурдвал сонирхолтой байх?

-Санаанд орж буй заримаас нь дурдъя. 2008 онд IV чуулганаа “Байгаль орчин” сэдвээр хийж, “нинжа” нар ид хүчээ авч байсан тэр үед алт гараар олборлохын хор уршгийг харуулсан “Алт бидний ирээдүй мөн үү” баримтат киног үзүүлэн доктор Ш.Пүрэвсүрэн тун сонирхолтой илтгэл цахим хэлбэрээр тавьсан. Бас Атрын 3-р аян гэж өрнөж байсантай холбогдуулан хөрсийг хэрхэн зөв зүйтэйгээр ашиглах тухай илтгэлийг ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж байсан докторант С.Хадбаатар хэлэлцүүлж байв. Тавдугаар чуулган “Монгол хүн, соёл” сэдвээр өрнөж хилийн чанад дахь Монголчуудын хэл соёлын асуудлыг илүү хөндөж, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц гуай уригдан оролцсон. Харин 2012 онд Монголд Инновацийн хуулийг боловсруулан батлуулах үйл ажиллагаа явагдаж байсантай уялдуулан “Өндөр технологи ба Европын стандартыг хэрэгжүүлэх боломж” сэдвээр Шведэд чуулж, Инновацийн хууль боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгч Б.Ганбат дэлгэрэнгүй мэдээлэл өгч илтгэл тавьсан. Тэр намар нь Инновацийн хууль батлагдаж дараа жил нь IX чуулганаа хийхдээ зохион байгуулагчид “Улс орон хөгжлийн нэгэн шийдлээ оллоо” хэмээн баярлаж “Инноваци ба Ногоон хөгжил” сэдвээр чуулсан түүхтэй.

-Чуулган Франц болон Канадад болох юм байна. Хоёулаа XII чуулган. Энэ ямар учиртай вэ?

-Энэ жил 2 чуулга уулзалт болно. “Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин туршлага" сэдвээр Торонтод,  нөгөө нь "Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил" сэдвээр Парист тус тус зохион байгуулагдана. Улаанбаатар хотод 2014 онд зохиогдсон X чуулганд гадаад дахь бизнес эрхлэлтийн сэдвээр салбар хуралдаан болж байсан. Монголчууд хилийн чанадад бизнес хэрхэн хийж буй талаар сургамж, туршлагаа тогтмол хуваалцахыг хүсэж байна. Тэр боломжоор нь хангах үүднээс 2015 онд XI чуулганыг Лондонд энэ сэдвээр хийж Англи дах бизнес эрхлэгчдийг урьж оролцуулсан. Энэ санааг бусад улс орнуудад бизнес эрхлэгч Монголчууддаа хүргэх зорилгоор Зөвлөлийн /Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь X чуулганы үеэр Монголд байгуулагдсан/ Бизнес Хөгжлийн Хороо үргэлжлүүлэн уламжлал болгон хийх юм. Бизнес Хөгжлийн хорооны дарга нь Канад Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх Захирал, цахим өртөөч С.Болор. Эндээс яагаад Канадад хийгдэх болсон шалтгаан бас давхар харагдах байх.

-Тэгвэл Парист болох үйл ажиллагаа нь “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулганы 12 дахь нь гэж ойлгож болох уу?

-Тийм. Үндсэн чуулган маань “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил"  сэдвээр Парист зохион байгуулагдана. Энэ чуулганы илтгэл, агуулга талыг Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Соёлын менежмент, аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга, саяхан Гадаад хэргийн яамнаас Монголын “Соёлын элч”-ээр өргөмжлөгдсөн, цахим өртөөч Ж.Өнөрмаа чиглүүлэн ажиллана. Зохион байгуулалтын хэсгийг Францийн дэлхийд нэртэй GALERIES LAFAYETTE дахь Гадаад зах зээл хөгжүүлэх албаны Европ болон Төв Азийн орнуудын зах зээлийн хариуцсан менежер, цахим өртөөч Ц.Азбилэг, Франц дахь Монголын элчин сайдын яамтай хамтран  хариуцан ажиллаж байна. Ц.Азбилэгийн хувьд IX- XI чуулганы ажилд тусалж, ивээн тэтгэж биеэр ирж оролцож байсан, чуулганыг Парист хийхийг санал болгосон хүн.

Сэдвийн хувьд ч байнга хэлэлцэж, шийдэж байх ёстой тул уламжлал болгох боломж бий. Ирэх жил гурван ч чуулган болж мэдэх. Чуулган улам өргөжиж байна гэж ойлгож болно. 

 -Анх Их Британийн Монголчуудын холбоо чуулганыг санаачлан олон жил зохион байгуулсан. Дараа нь Цахим өртөө хамтарсан, сүүлд ГХЯ оролцсон. Хамтын ажиллагаа хэр бэхжиж байна?

-Чуулганы үүсэл, зохион байгуулалтын талаар дурдахад дээрх гурван байгууллагыг салгаж ангилах ер нь боломжгүй. Британид тухайн үед ажиллаж амьдарч байсан Монголчууд гардаж хийсэн нь үнэн. Гэхдээ тэгж хийх үндсэн хөрс нь цахим өртөө сүлжээ байсан юм. Нэгийгээ огт танихгүй залуус энэ сүлжээгээр үзэл бодлоо солилцож байгаад, элчин дээрээ анх нүүр тулан уулзаж, илтгэлүүдээ хэлэлцүүлж байсан. Элчин сайдын яам чуулганыг хийх бүх талын боломжоор хангаж ирсэн. Ялангуяа Д.Даваасамбуу сайд ихээхэн ач холбогдол өгч, яамны байр танхимаар хангаснаас гадна эхний 3 чуулганд өөрөө илтгэгчээр оролцсон нь судлаач залуусын анхаарлыг энэхүү оюунлаг ажил руу чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ дэмжлэг хамтын ажиллагаа залгамжлагдаж Б.Алтангэрэл сайдын үед чуулган улам бүр өргөжсөн бол Н.Тулга сайдын үед батжин бэхэжсээр байна. Стокгольмд VIII чуулганыг хийхэд Б.Энхмандах сайд хамт олноороо, мөн Шведийн Монголчуудын Үндэсний Холбооныхон маш сайхан хамтран ажилласан. Энэ бүхэн Гадаад Хэргийн Яамны дэмжлэг оролцооны илрэл юм. Зургадугаар чуулганаас хойш Шведийн Монголчуудыг Үндэсний Холбоо төлөөлөгчдөө илгээх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр тогтмол хамтарч, сайн жишиг үзүүлсээр байгаад талархлаа илэрхийлж байна.

-Энэ жилийн чуулган өмнөх хурлуудаасаа ямар онцлогтой вэ?

-Гадаад хэргийн яамнаас онцгой анхаарч буй "Зөөлөн хүчний бодлого”-ын тулгуур болох бүтээлч үйлдвэрлэлийн салбар сэдвийн дор зохиогдож байгаагаараа онцлог. Мөн саяхан Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийн олон заалтуудтай манай чуулганы зорилго чиглэл давхцаж буй.

Хоёр чуулганы талаар тус тусын зохион байгуулагчдаас ярилцлага авбал илүү тодорхой мэдээлэл танд өгөх байх. Олуулаа нийлж хийж, олон газар салбарлан хуралдаж, цар хүрээний хувьд өргөжин тэлж буй нь чуулганы үр өгөөжийг илтгэх нэг үзүүлэлт.

-Ихэнхдээ улсын хөгжлийн гарц шийдлийг хэлэлцдэг уг арга хэмжээг 2014 онд ГХЯ-тай хамтран зохион байгуулснаар Хилийн чанад дахь ТББ-дын зөвлөлийг байгуулсан. Энэ бол үр дүн гэж оролцогчид харсан. Гадаадад суугаа монголчууд “Бөмбөрцгийн зөвлөл” гэж товчлон нэрлэх уг байгууллагын үйл ажиллагаа ямархуу явна вэ?

-Цахим өртөө холбооныхон Монголд зохион байгуулсан X чуулганыг ГХЯ-ны шууд дэмжлэгтэйгээр зохион байгуулсан нь өгөөжөө өгч Хилийн чанад дахь Монголчуудыг Зөвлөл хэмээх бүтцийг байгуулан улс орон бүрт суугаа эх орон нэгтнүүдээ нэг зорилгын дор хурааж чадсан. Энэ бол үр дүн.  Зөвлөл шинэ тулгар тул  хөл гараа олоход цаг хугацаа хэрэгтэй. Үүсгэн байгуулах үед сонгогдсон тэргүүн Н.Номун-Эрдэнэ саяхан үүрэгт ажлаа өгч, Зөвлөлийн Мэдээллийн Хорооны дарга асан Германд суугаа Б.Энхтүвшин тус Зөвлөлийн тэргүүнээр сонгогдлоо. Ажил үйлс нь өргөжнө гэдэгт итгэлтэй байгаа. Зөвлөлийн төлөө гаргаж буй сэтгэл зүтгэл эрч хүч нь түүний бичиж хэлж буйгаас нь  тодорхой харагддаг. Бидний хувьд чуулганы зохион байгуулалтын ажилд Зөвлөлийн оролцоо, нягт хамтын ажиллагааг бий болгох үүдийг нээх зорилготой хамтран ажиллаж байна.

-Хоёр жилийн өмнө чуулганы талаар танаас тодруулахад “Дунд сургуульд  физикийн хичээл дээр “ажил бол шилжилт” гэсэн нэг энгийн томьёо үздэг. Энэ ойлголтоор бол хийснээ ахиулахгүй орхиод байвал эргээд л юу ч хийгээгүй байсан төлөв дээрээ ирээд, энэ томьёо ёсоор шилжилт хийгдээгүй буюу ажил хийгдээгүй болно. Бид зөв зүг рүү байнга шилжилт хийж байх хэрэгтэй” гэсэн хариулт ер мартагддаггүй юм. Зөв зүгээ олсон уу, байнгын шилжилт үр дүнгээ авчрав уу?

-Монгол орны хөгжилтэй холбоотой асуудлаар хэлэлцэж байгаа нь чуулганы зүг чиг. Шилжилт хийх үйл явц зогсоогүй, алхам алхмаар урагшилж байна. Чуулган эргэн тойрон өрнөж буй олон хүчин зүйлсийн нөлөөн дунд оршиж хийгдэж буй үйл хэрэг тул байнга өөрчлөгдөн хөгжиж буй. Нөхцөл байдал таатай сайхан бол илүү хурдан үр дүнгүүд гарч болох боломжууд нээгдэнэ. Таагүй бол тэр боломжууд алдагдаж буй гэсэн үг. Ажил үйлс л тул эргээд бодоход тэгдэг байж ингэх байж гэж бодогдох зүйлс байдаг. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс аргагүй. Зүг нь тодорхой алхаа нь зогсолтгүй тул шилжилт хийгдэж буй тэр хэмжээгээр үр дүнгээ өгсөөр буй. Таны асуултдаа дурдсан томьёоны нэг дутуу зүйл нь тодорхой ажил хэрэг амжилтгүй болсон ч дараа хийхэд зайлшгүй хэрэг болж үлддэг “туршлага” гэдэг хувьсагч байдаггүй тал бий юм шүү.

-Нэг үе Монголд хурал чуулган гэхээр хуйлрагсад олон байлаа. Харин одоо ажил амьдралдаа хэрэгтэйг нь сонгодог болчхож. Хилийн чанад дахь чуулганд очих сонирхол эх орондоо байгаа монголчуудад маш их байна. Тэд илтгэл хэлэлцүүлэх гэхээс илүү манлайлж яваа хүмүүстэй танилцах, ажил хэргийн хүрээгээ тэлэх зэрэг зорилгууд агуулдаг. Энэ хүмүүс чуулганд оролцох боломж бий юу? Ямар алхам хийж, хэнд хандах вэ?

-Хэрэгтэй хурал чуулгандаа бодсон бодолтой очдог болох нь дэвшил л юм даа. Ер нь  олон хүн нэг дор цуглаж санал бодлоо ярилцахын гол үр дагавар нь ижил бодол тэмүүлэлтэй яваа хүмүүс биесээ олж танилцах, ойлголцох, цаашдын хамтын ажиллагааныхаа эхийг тавих,  хөгжүүлэх үүд хаалгыг нээж өгч байдагт бий. Олон хүн нэг дор цуглуулаад үр ашиггүй юм хийхгүй байх нь зохион байгуулагч нарын анхаарах зүйл. Чуулганы хувьд тодорхой сэдэв сонгодог нь сонирхлын ижил төстэй бүлэг хүмүүс нэг дор уулзах нөхцөлийг илүүтэй бий болгох гэсэн санаа. Эхэн үеийн чуулгануудаар голдуу оюутан залуус илтгэж байсан бол  одоо ажиллаж бүтээж буй залуус голлон оролцох боллоо. Тэдэнтэй уулзаж танилцах тэд хоорондоо ажил хэргээ ярих боломжийг чуулган бий болгож байна.

Байр танхимын боломжоос шалтгаалж чуулганд оролцох хүний тоонд хязгаар тавихаас аргагүй болдог Энэ жил ч тэгэх байх. Дэлгэрэнгүй хөтөлбөр гараад ирэхээр тэр талын зүйлс тодорхой болно. Байнгын мэдээллийг чуулганы цахим хуудас www.md-forum.eu болон нүүр хуудаснуудаас хараад байж болно. Бас бид манай уламжлалт медиа хамтрагч  Будда Продакшнтай хамтран чуулганыг шууд дамжуулж болох хувилбарыг бий болгохоор ажиллаж буй. 

 

Г.Солонго