Улсын их хурал

З.Энхболд: Газрын баялаг Эрдэнэт шиг төрдөө байсан нь дээр

А.Сэвжид
2016-03-01 03:30

УИХ-ын дарга З.Энхболд “Ийгл ньюс” телевизийн Иргэний мэдээ нэвтрүүлгээр үнэнээ өчлөө. Тэрбээр сэтгүүлчийн асуусан асуултад хариулахын зэрэгцээ сонгуулийн үеэр үүсдэг улс төрийн нөхцөл байдал болон бусад зүйлийн талаар ярьлаа.

Нэвтрүүлгийн эхэнд УИХ-ын дарга З.Энхболд дарга “С.Ганбаатар гишүүн шиг үнэнээ хэлэх мөч гэхээс илүү “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцож байна. Би ОХУ-ын Уралын их сургууль төгссөн дипломоо авч ирлээ. Энэ диплом дээр ихэнхдээ онц дүн авсан байгаа” хэмээн хэллээ.

Түүнчлэн тэрээр Тавантолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Миний хувьд Тавантолгойг ашиглахдаа эхлээд дэд бүтцээ эхлүүлж, урагш зам тавьсны дараа нүүрсээ ашиглана гэсэн байр суурьтай байгаа. Тавантолгойд 6.7 тэрбум тонн нүүрсний нөөц бий. Өөрөөр хэлбэл, тэнд Ухаа Худаг, Цанх, Бортолгой зэрэг таван толгой байдаг. Эндээс Баруун, Зүүн цанх, Ухаа Худаг хоёрыг нь ашиглаад дууссан. Одоо Бортолгойг ашиглах талаар судалж байна. Үлдсэн гурван толгой нь бага судлагдсан. Энэ гурван толгойд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа.

Байгалийн баялгийг хувийн юм шиг компаниуд ашиглахаа болих хэрэгтэй. MCS-д хамгийн их судлагдсан газар болох Ухаа худгийг өгчихсөн. Гэтэл үүнийг зохистой ашиглаж чадаагүй газар шүү дээ. Одоо дахиад MCS, “ШеньХуа” хоёрт Цанхийг өгчихвөл яах вэ. Зүгээр л нүүрс ухаад зарчихдаг компаниуд шүү дээ. Газрын баялаг бол Эрдэнэт шиг төрдөө байсан нь дээр” гэж хэллээ.