Засгийн газар

Өнөөдөр “АСЕМ-ийн өдөр”

А.Сэвжид
2016-03-01 07:21

Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 29-нд боллоо. Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ийн өдөр” болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ. Люксембургийн Их Гүнт Улсад 2015 оны 11 дүгээр сард болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтаар АСЕМ-ийн талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, ач холбогдлыг сурталчлан таниулах, ард иргэдийн дунд сурталчилгааны цогц арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах зорилго бүхий “АСЕМ-ийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гишүүн орнууд санал нэгтэй дэмжсэн юм. АСЕМ-ийн Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-нд Бангкок хотноо зохион байгуулагдаж байжээ.

Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах орны хувиар АСЕМ-ийн түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэж, АСЕМ-ийн олон улс дахь ач холбогдлыг сурталчлан таниулах үүрэгтэй хэмээн үзэж, энэ оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ийн өдөр” болгон тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.