Сонгуулийн насны 2,004,048 иргэд тоологджээ
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.
Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай, Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах тухай, Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх тухай, Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах тухай журам батлах тухай, маягт, үнэмлэх, таних тэмдэгийн загвар батлах зэрэг асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.
Түүнчлэн сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ҮАГ-ын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тус газраас хоёрдугаар сарын 29-ний өдөр зардлын тухай мэдээллийг өөрийн вэб сайт дээрээ байршуулсан билээ. Сонгогчид burtgel.mn цахим хуудас руу ороод өөрийн регистерийн дугаараар хайж, өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Сонгогчийн мэдээлэлд нэр, эцгийн нэр, ургийн овог, нас, хүйс, хаяг, тойрог, хэсгийн хороо гэх мэт мэдээллүүд багтсан аж. Харин иргэд маань тухайн мэдээлэлтэй танилцаад зөрүү зүйл байвал БСЕГ-т хандаад зөрчлөө арилгуулах боломжтой юм.
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 1-ний байдлаар 2,004,048 сонгуулийн насны иргэн бүртгэгдээд байгаа ч бүгд сонгуульд оролцоно гэж ойлгож болохгүй онцлов. Учир нь 2,004,048 сонгуулийн насны иргэнээс гадаадад байгаа, хорих ял эдэлж байгаа болон эрх зүйн чадамжгүй иргэдийг хасна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.