Засгийн газар

"Ноён уул"-ыг хамгаалтад авснаар тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлжээ

А.Сэвжид
2016-03-03 06:07

“Сайдын цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож, хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Усны сав газруудын хэмжээнд 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулсан гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлснийг онцолсон юм.  

2016 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна. Тосон Бумбын нуруу, Дэлгэрхаан уул, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1,84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ, "Ойн цэвэрлэгээ хөтөлбөр"-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн,1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийнэ. Мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох ажлыг хийж байна гэлээ.

 Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.