Нийгэм

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сугалаагаар тодруулна

Bolor Rose
2016-03-03 07:56

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн нарийвчилсан журмыг ТОСК-иас хэлэлцэж байгаа бөгөөд маргааш эцсийн байдлаар баталж ирэх даваа гаригаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэддээ танилцуулах юм байна. Гэтэл иргэдийн дунд маш их хүлээлт үүссэн бөгөөд бүртгүүлэхээр оочирлож эхэлсэн байна.

Тиймээс  Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга "Журам батлагдаж, иргэдэд мэдээлэл хүргэсний дараа түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэнэ. Иргэд бүртгэлээс хоцорчихлоо гэж санаа зовох хэрэггүй. Хүсэлт гаргаж байгаа бүх иргэнийг бүртгэж авна. Өнөөдрийн бидэнд байгаа мэдээллээр 27 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр ийм хэмжээний хүмүүс байгаа учраас бүртгэлийн хугацааг 14 хоногболгоно. Иргэдийн дунд нэг буруу ойлголт бий. Түрүүлж оочерлосон хүн л түрээсийн орон сууцанд хамрагдана гэж бодоод байна. Тийм биш, түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй бүх иргэдийг бүгдийг бүртгэнэ гэдгийг дахиад хэлье. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 27 мянган иргэн байгаа ч орох байр нь 350 айл. Тиймээс иргэдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хийсний дараа сугалаагаар тодруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, 27 мянган иргэний дунд сугалаа явуулж 350 иргэн нь түрээсийн орон сууцанд хамрагдана. Энэ бол хамгийн шударга хуваарилалт болно гэж үзэж байгаа" гэжээ. 

Түрээсийн орон сууцанд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой, ямар шаардлагыг хангасан байх ёстой талаар энэ нийтлэлээс уншаарай.