Жижиг худалдаа эрхлэгч НӨАТ-ын баримт хэвлэгчийг 80 мянган төгрөгөөр авах боломжтой
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.03.03/ нийтийн эрх ашгийг хөндсөн зарим асуудлаар тайлбар, мэдээлэл авахаар Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороонд хандаж, Гааль, татварын ерөнхий газартай холбоотой таван өргөдөл өнгөрсөн сард ирснийг танилцуулж, эдгээр өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тус газрын холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонсохоор энэуулзалтыг зохион байгуулж байна гэлээ.
Энэ удаагийн уулзалтаар Гааль, татварын ерөнхий газрын бүтцийн өөрчлөлт, цомхотгол, ажил үүргийн давхцалтай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж байгаа хэдэн хүн байгаа талаар, мөн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал болон улсын нууц мэдээлэл өмнөх байдлаар хадгалж чадаж байгаа, эсэх талаар ярилцсан юм.
Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, “Хоёр газрыг нэгтгээд хоёр сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар 3,300 гаруй хүн ажиллаж байгаагийн давхардсан чиг үүрэгтэй холбогдуулан 150 гаруй хүн цомхотгох ч бид одоо байгаа ажлын байрыг хадгалахаар ажиллаж байна. Улсын нууц мэдээлэл хадгалалтын хувьд манай байгууллага тусгай журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн, жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох кассын машиныг авах эдийн засгийн боломжгүй, том дэлгүүрүүдийн адил шаардлага тавьж байгаа нь дарамттай байгаа тул кассын машины талаар журамд өөрчлөлт оруулах асуудлаар тус байнгын хороонд ханджээ. Иймд худалдаа эрхлэгчдэд тавьж байгаа шаардлага, кассын машины үнэ, тариф, жижиг худалдаа эрхлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлт, иргэдийн өргөдлийг шийдвэрлэх боломжийн талаар тайлбар, мэдээлэл сонсов.
Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, иргэд болоод жижиг аж ахуйн нэгжүүд заавал нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй кассын машин ажиллуулах шаардлага байхгүй. Энэ шийдлийг олон нийтэд таниулахаар сургалт явуулж байна. Баримт хэвлэгч төхөөрөмжийг 80-120,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Хуулиндаа кассын машин болон түүнтэй адилтгах баримт хэвлэгч тоног төхөөрөмж гэж заасан. Иймд жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох хэвлэгч төхөөрөмжийг 80,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.