Засгийн газар

“Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк” болгон өөрчилж их сургуулиудад шилжүүллээ

А.Сэвжид
2016-03-04 04:15

Өнөөдөр дэлхий дахин био, нано, материалын болон мэдээллийн технологид суурилсан хөгжлийн шинэ үе рүү шилжиж байна. Улс орнуудын  хөгжлийн түвшин нь мэдлэгийг бий болгох, түүнийг ашиглах чадвараар илэрхийлэгдэж байна. Үүний нэг жишээ нь Израиль, Финланд, Сингапур зэрэг улс орнууд технологийн шинэчлэл, бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, шинжлэх ухаан, инноваци, үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар 10-25 жилийн дотор хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Солонгос улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.3,  Израильд 4,1, Японд 3,6, Финландад 3,2 хувийг шинжлэх ухаан, инновацийн салбарт зарцуулж байна.

Дэлхийн эдийн засгийн түүхэн явцад үндэстний баялгийг бүтээхэд байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлдаг байсан бол өнөөдөр мэдлэг нь тэдгээрийг хошуучлах чухал нөөц баялаг болжээ. Тиймээс улс орнууд аж үйлдвэрийн эдийн засгаас шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засагт шилжихэд анхаарч байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинжлэх ухааны паркийн нээлтэд оролцохдоо хэллээ.

Монгол Улсын Засгийн газар их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих үүднээс шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажлын эхлэлийг өнөөдөр тавьж байна гэж тэрээр хэлээд Мэдээлэл технологийн үндэсний паркийг МУИС, ШУТИС-ийн харьяанд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийг ХААИС, ШУТИС-ийн харьяанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэснийг зарлалаа.

START UP гэж дэлхий дахинаараа ярьдаг. Гараанаас эхэлж байгаа анхны бизнес, энэ компаниудын өсөлтөөс улс орны маргааш шууд шалтгаалдаг. Манай улсад 1960-2000 он буюу энэ 40 жилийн хугацаанд 1656 шинэ бүтээл бүртгэгджээ. Харин 2000 оноос хойш 15 жилийн хугацаанд 2688 өөрөөр хэлбэл, 40 жилийн хугацаанд хийсэн ажлыг сүүлийн 15 жилд хоёр дахин нугалжээ. Ашигтай загвар буюу боловсронгуй болгож чадсан энэ загвар сүүлийн 15 жилд 3036 бүртгэгдсэн, бүтээгдэхүүний загвар 6040 болж 5-6 дахин өсчээ. Эдгээр баримт бидэнд ямар их боломж, хүч байгааг илтгэж байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тэлж, нэг хүнд ногдох орлогын хэмжээ бага орлоготой орноос бага-дунд орлоготой орны түвшинд шилжсэн хэдий ч нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Дэлхий дахины өрсөлдөх чадварын 2009-2015 оны судалгаагаар Монгол Улс 140-өөд орноос тогтмол 92-123 дугаар байрт орж байгаад технологи, инновацийн хөгжилтэй холбоотой багц үзүүлэлт сөргөөр нөлөөлдөг.

Манай улсын эдийн засагт үйлдвэрлэлийн анхдагч салбар болсон хөдөө аж ахуй, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар нь голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр, өөрөөр хэлбэл эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш бага, өрөөсгөл бүтэцтэй байгааг илтгэж байна. 2014 оны байдлаар манай улсын нийт экспортын 83.6 хувийг боловсруулалт хийгдээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 13.8 хувийг хагас боловсруулсан болон технологийн нам агууламжтай бүтээгдэхүүн, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.86 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.06 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна. Бидэнд хийх ажил их байна. Засгийн газраас шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өрсөлдөх чадвартай хүний нөөц, инженер техникийн ажилтныг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна. Уг бодлогын хүрээнд Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль байгуулж мэргэжилтэн бэлтгэх, дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулж эхэлсэн. "Инженер, технологийн дээд боловсролын төсөл"-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд төслийн хүрээнд аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. Төслөөр ШУТИС болон МУИС-ийн судалгааны тэргүүлэх 20 сэдвээр Японы их, дээд сургууль, хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, магистр, докторууд бэлтгэх, шинэ судалгааны лабораториуд байгуулагдах, шинэ мэдлэг, технологи бий болох зам нээгдэж байна.

 “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд их, дээд сургуулийн судлаачдад 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг, дэд бүтцийг сайжруулах зорилгоор 67,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж МУИС, АШУҮИХ зэрэг байгууллагад хэд хэдэн судалгааны болон цөм лаборатори  байгууллаа. 

Их сургуулиудад энтерпренёр шинж, загварыг баримжаа болгон сургууль үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд нэвтрүүлэх инновацийн шийдэл боловсруулах чадамжтай туршилт бүхий гарааны компани байгуулах, суурь судалгаа туршилтын бэлтгэлийг хангах зорилгоор сүүлийн 3 жилд улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Шинжлэх ухааны парк нь шинээр бий болж буй бизнесийн өсөн дэвжих үйл ажиллагааг тал бүрээр дэмждэг, өндөр түвшний тоног төхөөрөмж бүхий лаборатори, орчин бүрдсэн, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренерүүд төрүүлэх, өндөр ур чадвартай, нарийн мэргэшсэн хүмүүсийн нийгмийн давхарга бий болгох олон талын ач холбогдолтой инновацийн суурь бүтэц юм.

Цаашид энэхүү паркууд нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тархи болж, эдийн засгийн хөгжлийг түүчээлэх гол хөдөлгүүр болно гэж найдаж байна.

Шинжлэх ухааныг авч явах эзэд нь эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд юм. Эрдэмтэддээ суурилж шинжлэх ухаан нь, шинжлэх ухаанд суурилж улс эх орон хөгжинө гэж Ерөнхий сайд хэллээ.

Нээлтийн ажиллагааны үеэр “Мэдээллийн технологийн үндэсний парк” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” болгон өөрчилж их сургуулиудад шилжүүлсэн батламжийг гардууллаа.

 Хэсэг залуус “Монголдоо бүтээцгээе” гэж хөдөлгөөн өрнүүлсэн, www.mongolbrand.mn сайт болон сошил орчноор Монголд үйлдвэрлэж буй бүх бараа бүтээгдэхүүнийг сурталчлахаа Ерөнхий сайдад танилцуулсан бөгөөд энэ паркаас гарах бүх бүтээгдэхүүнийг сурталчлах хүсэлтээ илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.