Засгийн газар

Д.Дорлигжав: АН-ын ганц том алдаа бол фракциуд

А.Сэвжид
2016-03-07 04:05

Эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн талаар АН-ын бодлогын зөвлөлөөс тогтмол мэдээлэл өгч байгаа. Өнгөрсөн Баасан гариг буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцсон юм. Тэрбээр “Эрх зүйн шинэтгэл”, “Фракцийг бус бодлогыг дэмждэг нам байя” гэсэн үндсэн хоёр сэдвээр илтгэл тавьлаа.  

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 12 хуулийг төслийг баталжээ

Энэ уулзалтад хуульч, өмгөөлөгч, олон нийтийн төлөөлөл оролцлоо. Эхний сэдэв болох “Эрх зүйн шинэтгэл”-ийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд эрх зүйн чиглэлээр баталсан хууль хуулийн төслүүдийг танилцуулсан юм.

Өнгөрсөн дөрвөн жилд нийтдээ эрх зүйн 12 чиглэлийн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан байна. Тухайлбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хохирлын сангийн тухай хуулийн төсөл, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт.   

Дээрх хуулийн төслүүдийг баталсанаар хуулийн цоорхойг ашиглан ял завших, найз нөхөд танил талаа ашиглан өөрт ашигтайгаар шийдвэрлүүлдэг байдал үгүй болно гэлээ. Мөн нэг иргэнд 230 орчим хуулиар хариуцлага тооцдог байдлыг Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд оруулж, эмхэлсэн байна. Энэ хоёр хууль нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Цааашид Хууль сахиулах их сургууль болон хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр, арга барил, агуулгыг өөрчлөх цогц ажил хийгдэх аж. Эрх зүйн шинэчлэлийн ажил үргэлжилж хуулийн давхардлыг арилгах, Нотариатын тухай хууль, Арбитрын тухай хуулийн төслийг батлах зорилготойг Хууль зүйн сайд дуулгалаа.

Фракцыг бус бодлогыг дэмждэг нам байя

Тэрээр энэ сэдвийн эхэнд АН-ыг маш олон фракцтай болохыг шүүмжилсэн. Энэ олон фракц нь жирийн хоёр найзыг үүрд салгах шалтгаан ч болж мэдэхийг сануулсан юм.

“Энэ байдал нь даамжирсаар төр, засгийн үйл ажиллагааг гацаадаг, зогсоодог доголдол болсон. Үүнийг З.Энхболд АН-ын дарга болсон өдрөө хэлж, шүүмжилсэн. Фракцтай нөхдүүдэд сануулж ч байсан. Гэтэл амь бөхтэй далд амьдарч байна. Угтаа бол АН шинэлэг, зоримог, хийж бүтээж чадаж байна. Ганцхан том алдаа бол фракц юм. Тиймээс энэ том алдаагаа засаж, үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд АН Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах ёстой. Ингэснээр нэгдүгээрт, намын төрийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих байнгын ажиллагаатай бүтэцтэй болно. Хоёрдугаарт, намын гишүүд намын бодлогод оролцох, сана бодлоо тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, мэдээллээр хангагдах эрх үүснэ. Гуравдугаарт, нам дотор фракцын дэмжлэгээр бус өөрийн оролцоогоор тухайн салбарт хүчээ сорих боломж бүрдэнэ” гэлээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Фракцын бус бодлогыг дэмждэг нам байя” сэдвийн хүрээнд АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах төслийг танилцууллаа.